СЭЛЭНГЭ: Байтаг богдоос тодорсон баатар Ж.Нэхийт

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-11 11:47:04

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. БНМАУ-ын баатар, хошууч Ж.Нэхийтийн нэрэмжит түүхэн номын нээлтийн ёслол өчигдөр Сэлэнгэ аймаг дахь ХЦ-ийн 0101-р тусгай анги дээр боллоо.

 

Эх орны тусгаар тогтнол, хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйлсэд түүний байгуулсан гавьяаг мөнхжүүлэн алдаршуулах зорилгоор бодит түүхийг өгүүлсэн “Байтаг богдоос тодорсон баатар Жадамбын Нэхийт” номыг Хилийн түүхийн секторын дарга, доктор хурандаа Д.Даваадорж эмхэтгэн, Ж.Нэхийт баатрын охин бэлтгэл ахмад Н.Алтанцэцэг хянажээ.

Нээлтийн үйл ажиллагаанд орон нутгийн удирдлага, төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын төлөөлөл, Ж.Нэхийтийн төрөл төрөгсөд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцов. 


Ёслолын үеэр Хилийн цэргийн 0101 дүгээр ангид байрлах Ж.Нэхийт баатарын хөшөөнд цэцэг өргөж, дайчин алдрын танхимаар зочилж, хүрэлцэн ирсэн зочдод тус номыг гардуулан өглөө. 

БНМАУ-ын баатар Ж.Нэхийт нь 1953-77 онд УБ-ын нисэх онгоцны буудлын байцаан өнгөрүүлэх, Сэлэнийн байцаан өнгөрүүлэхэд шалгагч, тасгийн даргаар ажиллаж байжээ.

 

Монгол улсын хувьд 1940-1952 он нь Монгол Улсын баруун хилд Осман, Гоминданы дээрэмчдийн цуст халдлага, дээрэм тонуул, зэвсэгт түрэмгийлэл идэвхижин өрнөсөн, оршин суугчид хилчдийн хувьд амь өрссөн жилүүд байв.

 

Энэхүү хүнд хэцүү хилийн мөргөлдөөн, дээрэм тонуулгүй өдөр тун цөөн байсан, хүнд хэцүү он жилүүдэд тэрээр улсын хил хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, олон удаагийн тулгаралт, байлдаануудад дайсны гүнд тагнуул хийхэд оролцон, өөрийн хатан зориг, тэвчээр хатуужил, онцгой тайван байдал, мэдрэмжээрээ ямагт ялан дийлж, 30 гаруй байлдаан, тулгаралтад орж явжээ.

 

Тодруулбал:

-1944 оны намар Гоминданы хороо цэрэгтэй заставын давуу хүчээр байлдсан

-1945 онд Ховдын Булганы чиглэлээр довтолсон Гоминданы ихээхэн хүчний эсрэг 2 салаа цэргийн хүчээр 3 хоног хориглон байлдсан

-1947 оны 5-р сард Байтагбогдод Гоминдан, Османы 500 гаруй дайсанд цөөхүүлээ бүслэгдэн, дайсанд ихээхэн хохирол учруулж гарсан

-1947.6.9-д Гоминданы 100 гаруй цэрэг Улиастайгаар довтолоход сөрөг давшилт хийн бут цохьсон

-1948.6.2-д Мэргэн ууланд байлдсан  зэргээр үргэлжилнэ.

 

Түүнийг удирдаж явсан отрядын дарга Ш.Зонров нь “1950 он дуустал Осман, Гоминданы дээрэмчидтэй явуулсан тэмцэлд Ж.Нэхийтийн удирдлага, бие оролцоогүй тийм тулалдаан бараг байхгүй. Тэр дайсантай тулалдахдаа айхыг мэддэггүй баатарлаг зоригтой” гэсэн бол мөн түүнийг удирдаж явсан Бямбаа”- “Баатарлаг гавъяатай, аймшиггүй ганболд зүрхтэйгээр тэмцэж явсанд түүний гавъяа нь байдаг юм” гэгчлэн тодорхойлжээ.

 

АИХТ-ийн 1962 оны 138-р зарлигаар БНМАУ-ын Баатар цол олгосон ба Засгийн газрын 1998 оны 169-р тогтоолоор алба хааж байсан Сэлэнгэ аймаг дахь хилийн шалган нэвтрүүлэх отрядыг түүний нэрэмжит болгожээ.

 

Мөн Ж.Нэхийтийг төр засгаас Сүхбаатарын болон Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Алтангадас одон, ойн медаль бусад тэмдгүүдээр шагнасан байна.