Ахмад настны ширээний тениссний аймгийн аваргын тэмцээн анх удаа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-01 18:22:01

Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах ширээний теннисний ахмадын анхдугаар тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд аймгийн Биеийн тамир спортын ордонд боллоо.

Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газар, аймгийн Ширээний теннис сонирхогч мастеруудын холбоо хамтран анх удаа энэхүү тэмцээнийг ахмадуудынхаа дунд зохион байгуулсан нь ахмад настны төлөө хийж буй нэгэн шинэлэг ажил болсон юм. Тэмцээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал, Сайхан, Шаамар, Цагааннуур сумдын ахмадуудаас гадна ОХУ-ын Буриад улсын Зэдийн аймгийн тамирчид оролцсон нь энэ тэмцээний цар хүрээг өргөжүүлсэн алхам болжээ. Тэмцээнд нийт 40 гаруй ахмадууд насны ангиллаар өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон байна. Ингээд тэмцээний 40-49 насны хагас төрөлд   эмэгтэйчүүдээс Сүхбаатар сумын ЕБ-ийн 6-р сургуулийн Г.Мягмарсүрэн тэргүүлж, удаах байрт Цагааннуур сумын Б.Амарзаяа, эрэгтэйчүүдээс Мандал сумын Түнхэл тосгоны Б.Мөнхбат, Сайхан сумын Ш.Эрдэнэсайхан, Цагааннуур сумын П.Чинзориг нар шалгарчээ. Мөн тэмцээний  50-59 насны эмэгтэйчүүдэд Сүхбаатар сумын Н.Алимаа түрүүлж, удаах байруудад Цагааннуур сумын С.Тунгалаг, Сүхбаатар сумын ЕБ-ийн 3-р сургуулийн Ш.Эрдэнэчимэг, эрэгтэйчүүдээс Сүхбаатар сумын Ц.Ганболд, БТСГ-ын С.Дашдаваа, Б.Баттулга нар шалгарлаа. Тэмцээний 60-аас дээш насны ангилалд эмэгтэйчүүдээс Сүхбаатар сумын 7-р багийн ахмад Т.Юмжирмаа, Шаамар сумын Ц.Бажжаргал, Мандал сумын Түнхэл тосгоны Б.Ганхуяг, эрэгтэйчүүдээс Сүхбаатар сумын Л.Түвдэндорж, ОХУ-ын Буриад улсын ахмад Л.Дагзунов, Сүхбаатар сумын БПүрэв нар шалгарчээ. Анхдугаар тэмцээний холимог хоёрын төрөлд тэргүүн байранд Сүхбаатар сумын Ц.Ганболд, Н.Алимаа нар тэргүүлж, удаах байрт Л.Түвдэндорж, н.Энхтуяа, С.Дашдаваа, Г.Мягмарсүрэн нар шалгарч мөнгөн шагналын эзэд болжээ. Энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болон явуулна гэж зохион байгуулагчид нь мэдэгдлээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news