Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч байна гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-07 22:33:14

Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны ЭМТ-ийн дарга Я.Энхжаргал “Бид эмнэлгийн тусламж үйлчилгэнд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжтэй болсноор Түнхэл тосгоны маань 4000 гаруй хүн амд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч байгаа юм “ хэмээн ярилаа.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон нь хүн ам олонтой “сумын дайтай” баг гэдгээрээ онцлогтой. Энэ тосгоны ЭМТ нь 4500 хүнд үйлчилдэг багийн эмнэлэг ажээ. Иймээс тус хамт олон сумын адил үйл ажиллагаа явуулдаг учраас тэдэнд тулгамдсан олон асуудал тулгардаг байна. Тухайлбал, сумын эмнэлгийн стандартын дагуу ажиллахад, яаралтай тусламж үзүүлэхэд, мэдээ мэдээллийг хүргэхэд, үйлчлэх зэрэгт хэрэглэгддэг тоног төхөөрөмжүүд дутагддаг байжээ.

Энэхүү асуудлаа тус тосгоны ЭМТ-ийн дарга Я.Энхжаргал Дэлхийн зөн ОУ-ын байгууллага, “Сентеррагоулд Монголия” ХХК-д танилцуулан тусламж үзүүлэх талаар хүсэлт тавьсан байна. Энэхүү хүсэлт биелэлээ олж, “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн зүгээс Түнхэл тосгоны ЭМТ-д шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, ажилчдын дүрэмт хувцсыг хүлээлгэн өглөө. Энд яаралтай тусламжийн болон мэс заслын тоног төхөөрөмж, хүчил төрөгчийн аппарат зэрэг эмчилгээ үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа 17 нэр төрлийн багц багаж хэрэгсэл төхөөрөмжүүд багтаж байгаа ажээ.  

Ч.Отгонцэцэг   

Related news