МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

41 ДЭХ ДОЛОО ХОНОГ: Нобелийн шагналтнуудыг тодрууллаа

ТОЙМ
khulan@montsame.gov.mn
2025-10-11 13:35:09

УЛААНБААТАР, 2025 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт Нобелийн долоо хоног албан ёсоор эхэлж, тус нэр хүндтэй шагналын эздийг тодрууллаа. Түүнчлэн Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрснээс гадна, Японы эрх баригч намын даргаар түүхэндээ анх удаа эмэгтэй хүн сонгогдсон зэрэг онцлох үйл явдлууд өрнөлөө. Ингээд өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.  


Нобелийн шагналтнууд тодорлоо

Шведийн нийслэл Стокхолм хотноо Нобелийн долоо хоног даваа гарагт албан ёсоор эхэлж, уламжлал ёсоор физиологи, анагаах ухааны салбарын шагналтныг хамгийн эхэнд зарлаж, улмаар физик, хими, утга зохиол, энх тайвны шагналтнуудыг ээлж дараалан тодрууллаа.

  • Энэ оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзнээр Америкийн эрдэмтэн Мэри Э.Бранкоу, Фреду Рамсделлу, Японы эрдэмтэн Шакагүчи Шимонү нар тодорлоо. Уг шагналыг “өөрийн эрүүл эд эс рүү дайрахаас сэргийлдэг дархлааны тогтолцооны механизмыг нээсний төлөө” тэдэнд олгосон байна. 
  • Их Британийн эрдэмтэн Жон Кларк, Америкийн эрдэмтэн Жон М.Мартинис, Францын эрдэмтэн Мишель Х.Деворе нар нүдэнд үл үзэгдэх квант механикийн хонгил болон цахилгаан хэлхээн дэх энергийн квантчиллыг нээснийнхээ төлөө энэ оны физикийн салбарын Нобелийн шагналыг хүртэхээр болжээ.
  • Химийн салбарын Нобелийн шагналын эздээр Японы химич Китагава Сусумү, Америкийн химич Ричард Робсон, Омар М.Яги нар тодорлоо. Энэхүү шагналыг металлорганикийн шинэ нэгдлүүдийг үүсгэснийх нь төлөө тэдэнд олгохоор шийдвэрлэсэн байна.
  • Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг “сүйрлийг зөгнөсөн айдсын дундаас урлагийн хүчийг тодруулан нотолж чадсан сэтгэл хөдөлгөм, алсын хараатай бүтээл туурвисныг” нь үнэлэн Унгарын зохиолч Ласло Краснахоркаид хүртээхээр шийдвэрлэжээ.
  • Венесуэлийн улстөрч, сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадод “Венесуэлийн ард түмний ардчилсан эрхийг хамгаалахын төлөөх эцэлт цуцалтгүй зүтгэлийнх нь төлөө, мөн дарангуйлагч дэглэмээс ардчилал руу шударга, тайван замаар шилжихийн төлөөх тэмцлийг үнэлэн” Нобелийн Энх тайвны шагналыг олголоо. 

Газын зурваст гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ

Египетэд хийсэн хэлэлцээний дараа Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн гал зогсоож, Газад барьцаанд байгаа бүх хүнийг суллахаар тохиролцлоо. Энэхүү хэлэлцээр нь мөргөлдөөнийг зогсоож, Газын зурваст энх тайван тогтоох тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 20 зүйл бүхий төлөвлөгөөний эхний үе шат юм. Энэхүү үе шатанд Израилын тал олон тооны палестин хоригдлыг суллаж, цэргүүдээ Газын зурвас дахь “шар шугам” руу буцаан татах ёстой. Мөн Газын зурвасын оршин суугчдад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлнэ. Д.Трамп ойрын өдрүүдэд тус бүс нутагт айлчлах төлөвтэй байна. Түүний төлөвлөгөөний дараагийн үе шатуудад ХАМАС зэвсгээ хураалгахыг зөвшөөрөх, Газад технократ засгийн газар байгуулах зэрэг багтаж байна. 


Японы эрх баригч намын даргаар анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо

Японы эрх баригч Либерал ардчилсан намын даргаар сонгогдсон Такаичи Санаэ Ерөнхий сайдын албан тушаалыг хашсан анхны эмэгтэй болох төлөвтэй байна. Хатагтай Т.Санаэг Японы Маргарет Тэтчер хэмээн нэрлэх нь бий. Японд хурцаар тавигдаж буй цагаачлалын асуудалд хатуу байр суурь баримталдаг тэрбээр талийгаач Абэ Шинзогийн танилцуулсан эдийн засгийн бодлогыг илүү хүчирхэгжүүлж, худалдааны асуудлаар Америктай илүү хатуу бодлого баримтлах бололтой. Түүнийг намын даргын сонгуульд ялсны дараа Японы хөрөнгийн зах зээлийн индексүүд огцом өссөн юм. Гэсэн хэдий ч баасан гарагт эрх баригч эвсэл гэнэт задарсан нь Т.Санаэ тус улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болох эсэхэд эргэлзээ төрүүлээд байна. 


Францын улс төрийн хямрал гүнзгийрэв

Францын Ерөнхий сайд Себастьен Лекорню томилогдсоноосоо хойш нэг сар хүрэхгүй хугацааны дараа албан тушаалаасаа огцорсноор Францын улс төрд шинэ хямрал нүүрлэлээ. С.Лекорню есдүгээр сарын эхээр унасан өмнөх засгийн газраас ерөнхийдөө өөрчлөгдөөгүй гэж хэлж болохуйц сайд нарын бүрэлдэхүүнийг танилцуулсны дараа Үндэсний ассамблей дахь сөрөг хүчин түүнд итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулна хэмээн сүрдүүлсэн байна. С.Лекорню огцорсныхоо дараа сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Эммануэл Макрон сүүлийн жил гаруйн хугацаанд тав дахь Ерөнхий сайдыг томилж, улмаар дахин сонгууль явуулахгүй байх талаар зөвшилцөлд хүрсэн гэж мэдэгдсэн юм. Харин баасан гаргийн орой Э.Макрон Ерөнхий сайдаар С.Лекорнюг дахин томилсонд сөрөг хүчнийхэн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд байна. 


Сирид парламентын сонгууль боллоо

Сирид өнгөрсөн 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагаснаас хойш анхны парламентын сонгуулийг явууллаа. Гэхдээ ард түмнээс шууд санал хураалт явуулаагүй юм. Тодруулбал, шилжилтийн үеийн хууль тогтоомжийг хариуцах Ардын хурлын төлөөлөгчдийн гуравны хоёрын төлөө орон нутгийн хороод санал өгчээ. Сонгогдсон хүмүүсийн дөнгөж 13 хувь нь эмэгтэйчүүд эсвэл үндэстний цөөнх байлаа. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, түр ерөнхийлөгч Ахмед аль-Шараа төлөөлөгчдийн гуравны нэгийг сонгохдоо эдгээр "дутагдлыг нөхөж" магадгүй гэдгийг дурджээ.



Гүржид эсэргүүцлийн жагсаал боллоо

Гүржийн нийслэл Тбилиси дэх ерөнхийлөгчийн ордон руу дайрахыг оролдсон жагсагчдыг тараахын тулд цагдаа нар ус шүршигч, нулимс асгаруулагч хий ашигласан байна. Оросыг дэмжигч “Гүржийн мөрөөдөл” намын засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал сүүлийн хэдэн долоо хоногт улам эрчимжих болжээ. 


Алт, мөнгөний үнэ өссөөр

Алтны үнэ түүхэндээ анх удаа нэг унц нь 4000 ам.доллароос давлаа. АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа түр зогссоны улмаас эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцуулах нь багасаад байгаа энэ үед Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин бууруулна гэж таамаглаж буй хөрөнгө оруулагчид найдвартай актив руу хошуурч байна. Түүнчлэн Америк, Их Британи, Франц, Японы төсвийн бодлогын талаарх болгоомжлол алтны эрэлт нэмэгдэхэд мөн нөлөөлж байна.

Хөрөнгө оруулагчид найдвартай актив руу хошуурч байгаагаас гадна үйлдвэрлэлийн эрэлт ихсэжнийлүүлэлт бага байгаатай холбоотойгоор энэ онд мөнгөний үнэ 75 орчим хувиар өсөөд байна. Тодруулбал, пүрэв гарагт мөнгөний үнэ 1980 оноос хойш анх удаа 50 ам.долларыг давж, нэг унц нь 51 ам.долларт хүрснээр дээд амжилт тогтоолоо. Энэ жил арилжаачид алт, мөнгө гэх мэт хатуу хөрөнгийг найдвартай хөрөнгө оруулалт, мөн тариф, инфляцтай холбоотой болгоомжлолоос авхуулаад Холбооны нөөцийн сангийн бие даасан байдал, улсын өрийн дарамттай холбоотой санаа зовнил зэрэг геополитик, эдийн засгийн тодорхойгүй байдлаас хамгаалах хэрэгсэл гэж үзэж байна. 


“OpenAI” дахин нэг томоохон гэрээ байгууллаа

“OpenAI” компани энэ долоо хоногт бас нэгэн томоохон хэлэлцээрийг байгууллаа. Уг хэлэлцээрийн хүрээнд “AMD” компаниас олон арван тэрбум ам.долларын үнэтэй чип худалдан авахаар тохиролцсоноос гадна, тус компанийн хувьцааны 10 хувийг худалдан авч магадгүй байна. Энэхүү мэдээ цацагдсаны дараа “AMD”-гийн хувьцааны ханш 40 гаруй хувиар өсжээ. Уг гэрээний хүрээнд “OpenAI” нь “AMD”-гийн график процессоруудын ашиглан дата төвийнхөө хүчин чадлыг нэмэгдүүлэх бөгөөд эхний ээлжинд 2026 оны сүүлээр гаргах MI450 чипүүдийг ашиглахаар төлөвлөжээ. 


К.Роналду анхны тэрбумтан хөлбөмбөгчин боллоо

Португалын шигшээ баг болон Саудын Арабын “Аль-Наср” клубийн довтлогч Криштиану Роналду түүхэн дэх анхны тэрбумтан хөлбөмбөгчин боллоо. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээр түүний хөрөнгө 1.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Өдгөө 40 настай хөлбөмбөгчний хөрөнгийг үнэлэхдээ хөл бөмбөгийн спортод хөл тавьснаас хойш олсон орлого, мөн хөрөнгө оруулалт, зар сурталчилгааны гэрээнүүдээс олсон орлогыг одоогийн татварын хувь хэмжээ, зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үнэлжээ. 


Ирэх долоо хоногт болох гол үйл явдлууд 

  • Альфред Нобелийн нэрэмжит эдийн засгийн салбарын шагналын эзнийг 10 дугаар сарын 13-нд зарлана.
  • Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн жил тутмын чуулга уулзалт АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 10 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд болно.
  • Эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн удирдагчдын уулзалт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 10 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд болно.
  • АНУ-ын Лос-Анжелес хотноо Технологийн долоо хоног аравдугаар сарын 13-19-ний өдрүүдэд үргэлжилнэ. 
  • Дэлхийн гар угаах өдөр 10 дугаар сарын 15-нд болно. 
  • “Формула-1” ангиллын авто уралдааны АНУ-ын Гран-При Техас муж улсын Остин хотноо 10 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд болно.
  • Уран сайхны гимнастикийн ДАШТ Индонезийн нийслэл Жакарта хотноо 10 дугаар сарын 19-нд эхэлнэ. 
Related news