Казахстаны өдрүүд: Төв Ази руу чиглэсэн гадаад бодлогыг бүтэн болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27, /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай боллоо.
Дөрөвдүгээр сарын 20-23-нд болсон энэ удаагийн айлчлал нь эртний түүх соёлын холбоотон, Төв Азийн эсгий туургатан ахан дүүс Бүгд Найрамдах Казахстан Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч 20 жилийн дараа төрийн айлчлал хийж, хоёр улсын найрсаг харилцааг нэн шинэ шатанд гаргах үндэс суурийг тавилаа. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилснаар бүрэн эрхийнхээ хугацаанд Тев Азийн бүх оронд төрийн айлчилж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан анхны Ерөнхийлөгч болж байгаа юм.
Хоёр улсын Ерөнхийлөгч нар “Стратегийн түншлэл”-ийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтрах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн орчны уялдаа холбоог бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа айлчлалын үеэр илэрхийлж байлаа. Ялангуяа Монгол Улс, Евроазийн Эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн барааны гаалийн татварыг тэглэх, хөнгөлөх болсон нь Монгол-Казахстаны худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 500 сая ам. долларт хүргэх зорилтоо биелүүлэх, Төв Азийн бүс нутаг болон гуравдагч зах зээлд нэвтрэх боломж юм гэдэгт талууд санал нэгдэж байв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, айлчлалын хүрээнд хоёр тал худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг салбарт хамтрах 18 баримт бичигт гарын үсэг зурсан. Эдгээр 18 бичиг баримт бол хоёр улсын улс төрийн харилцааны хүрсэн түвшнийг улам ахиулахын зэрэгцээ дээр дурсан худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 500 сая ам.долларт хүргэх гол хөшүүрэг болох юм.
Хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгөхөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, "Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын 2024 онд Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалын үеэр хоёр улсын найрсаг харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэн хөгжүүлэх түүхэн шийдвэр гаргасныг эргэн дурсахад таатай байна. Хоёр улсын төрийн тэргүүн хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл болж байна” гээд “Монгол Улсын төрийн тэргүүний айлчлал нүүдлийн соёл иргэншил, түүхэн үнэт зүйлсээрээ гүнзгий хэлхээ холбоотой хоёр орны ард түмний ахан дүүсийн найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлж, харилцааны нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйд баяртай байна” хэмээн онцоллоо. Мөн тэрбээр “Энэ оны наймдугаар сард Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Казахстан Улс өндөр түвшинд оролцохыг урьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төслийг уялдуулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд хоёр тал хамтран ажиллахаар боллоо. Төв Азийн орнуудын “С5+1” форматын хамтын ажиллагааны индрийг ашиглан Монгол Улсын оролцоог хангасан дээд, өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо. Бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээн цохон тэмдэглэсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилснаар бүрэн эрхийнхээ хугацаанд
Тев Азийн бүх оронд төрийн айлчилж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан
анхны Ерөнхийлөгч боллоо
Харин Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ, “Жил гаруйхны өмнө би Монгол Улсад төрийн айлчлал хийж, айлчлалын үеэр “Стратегийн түншлэл” тогтоох тухай баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ нь мянган жилийн түүхтэй нөхөрлөлийн маань чухал бөгөөд түүхэн бичиг баримт юм. Өдгөө хоёр орны Парламент болон төрийн яамд нягт холбоотой байгаагийн зэрэгцээ Засгийн газар хоорондын комисс, Бизнесийн зөвлөл амжилттай ажиллаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн төрийн айлчлал эдгээр хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь гарцаагүй юм. Бид хоёр талт хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх үр дүнтэй хэлэлцээ хийлээ. Улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг болон бусад салбарт хамтын ажиллагаагаа улам ахиулахаар тохирлоо. Тухайлбал, Баян-Өлгий аймагт Казахстаны Консулын газар нээх шийдвэрт хүрлээ. Энэ удаагийн айлчлалаар хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсан нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна. Худалдааны эргэлт өмнөх жил 130 гаруй сая ам.доллар хүрч, 7.7 хувиар өслөө. Хоёр орны эдийн засгийн бололцоог харгалзаж үзвэл бидэнд илүү их боломж байна. Ирэх жилүүдэд худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт тавьсан. Үүний тулд хамгийн түрүүнд бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах шаардлагатай байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд саад учруулж байгаа бүхий л бэрхшээлийг аль болох багасгах хэрэгтэй. Бид болон Монгол Улс “Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг баталсан. Энэ нь хоёр орны харилцааг өргөжүүлэх боломж” хэмээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Казахстан-Монголын бизнес форум” Астана хотноо зохион байгуулагдав. Энэ удаагийн форум “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, ноос, ноолуур, арьс, шир, барилга, тээвэр, логистик, санхүү зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Казахстаны ижил төстэй аж ахуйн нэгжүүдтэй холбох, шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдүүлэх зорилготой байлаа. Казахстаны Үндэсний танхим “Атамекен”, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан форумд хоёр орны төр, хувийн хэвшлийн 250 гаруй төлөөлөл оролцож, хоёр улсын аж ахуйн нэгжүүд цаашид хамтран ажиллах чиглэл, хөрөнгө оруулалтын боломж, төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцсон юм. Бизнес форумын дүнд манай аж ахуйн нэгжүүд Казахстаны талтай эхний шатанд 20 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл хийсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр энэ удаагийн төрийн айлчлалын үр дүнг дүгнэж хэлэхдээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төв Ази руу чиглэсэн гадаад бодлого Казахстанд хийж байгаа энэхүү төрийн айлчлалаар бүрэн бүтэн болж байгаагаараа онцлогтой юм. Ерөнхийлөгч өнгөрсөн 5 жилд Төв Азийн улсуудад айлчилж, хариу айлчлал ч хүлээж авсан. Үүний гол үр дүнд бизнес эрхлэгчдэд шинэ зах зээл нээгдэж байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч манай улстай бүх салбарт хамтарч ажиллах боломжтой гэдгийг бидэнд хэлж байна. Хамгийн чухал зүйл нь энэ удаа хоёр тал зам тээврийн салбарыг холбох чиглэлд хамтарч ажиллах талаар ярилцлаа" гэв.
Мөн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Сангийн сайд З.Мэндсайхан сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөхдөө, Шинэ нислэгтэй болох, дөт зам барих гээд Монгол-Казахстаны хооронд шинэ гарцууд нээгдэж байгааг онцолж, худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх боломжтой хэмээв.
Түүнчлэн ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоогийн байр суурийг энд бас онцлож байна. Тэрбээр тус айлчлалын үр дүн болон хоёр орны харилцааны талаар Казахстаны “INBUSINESS” агентлагийн сэтгүүлчид, "1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосноосоо хойш манай хоёр орон үнэхээр баялаг зам туулсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Энд хэлэхэд, Монгол Улс Казахстаны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон анхны таван орны нэг, бид ч үүгээрээ бахархдаг. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хамтын ажиллагаа хоёр талт түвшинд төдийгүй олон улсын байгууллагын түвшинд тогтвортой бүрэлдэн тогтлоо. Түүхэн талаас нь үзвэл, манай хоёр орныг ах дүү орнууд гэж нэрлэдэг судлаачидтай би санал нийлнэ. Учир нь Чингис хааны үеэс улбаатай нийтлэг түүх биднийг нэгтгэдэг. Сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, шинжлэх ухааны салбаруудад харилцаа шат дараатай хөгжиж байна. Дээд түвшний айлчлал тогтмол болж, үүгээр чухал хэлэлцээр, баримт бичигт гарын үсэг зурж байгаа нь эрхзүйн бат бэх суурийг бүрдүүлэх боломж олгож байгаа юм. 2024 он бол чухал он байсан. Ерөнхийлөгч Токаев Монгол Улсад айлчлах үеэр хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн. Энэ шийдвэр нь хуримтлагдсан туршлагын зүй ёсны үр дүн төдийгүй цаашид хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ боломжийг нээж өгсөн юм. Энэ үүднээс авч үзвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал ч онцгой ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд Монгол Улс Төв Азийн орнуудтай харилцаагаа идэвхжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан. Энэ нь Монгол Улс Төв Азийн орнуудтай бодит хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэл байгаагийн илэрхийлэл юм. Түүний дотор бүс нутгийн дунд гүрэн болон төлөвшиж байгаа Бүгд найрамдах Казахстан Улс нь манай улсын Төв Ази дахь цорын ганц стратегийн түнш билээ. Энэ ч утгаар Төв Азитай харилцах харилцаанд Казахстан бидэнд хамгийн чухал түнш орон. Иймд Төв Азийн орнуудтай улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх Монгол Улсын аливаа санал санаачилгыг дэмжих тал дээр Бүгд Найрамдах Казахстан Улс тэргүүлэгч үүрэг гүйцэтгэнэ гэж бид найдаж байгаа" хэмээн ярьсан нь айчлалын үр дүнг товч, тодорхой өгүүлсэн хэрэг байлаа.
Казахстаны тал Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалд онцгойлон ач холбогдол өгч байгаа нь алхам тутамд анзаарагдаж байлаа. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев "Энэ айлчлалд миний бие онцгой анхаарал хандуулж байна. Учир нь Монгол Улс бол бүс нутгийн чухал түнш, найрсаг хөрш орон" хэмээсэн бол Казахстаны төрийн мэдэл дэх олон улсын мэдээллийн агентлаг КАЗИНФОРМ /Kazinform/ "Сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа Ерөнхийлөгчийн түвшинд болсон энэхүү айлчлал нь Казахстан, Монгол хоёр улсын харилцаа стратегийн шинэ чиглэлд шилжих үйл явцын үргэлжлэл боллоо. Эл үйл явц 2024 онд Касым-Жомарт Токаевын Улаанбаатарт хийсэн айлчлалаар эхэлсэн. Тухайн үед ярьж тохирсон тохиролцоонуудыг бодит ажил хэрэг болгох эрмэлзлэлд энэ удаагийн Монгол Улсын айлчлал шинэ эрч хүчийг нэмлээ" хэмээн айлчлалын үр дүнг дүгнэсэн байна.
Товчхондоо, КАЗИНФОРМ "Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ" гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Астана хотын К.Куанышбаевын нэрэмжит казах үндэсний хөгжимт драмын театрын тайзнаа анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо сонирхуулсан юм. Энэ үеэр мөн монгол орны соёл, аж ахуй, нүүдэлчин амьдралын онцлогийг харуулсан “Монголын сайхан орон” гэрэл зургийн болон морин хуурын үзэсгэлэн, “Чингис хаан”, “Зүчи хаан”, “Сүбээдэй жанжин” зэрэг монгол хаадын хөрөг бүхий “Их хаад” уран зургийн үзэсгэлэнг дэлгэн толилууллаа. Манай уран бүтээлчдийн тоглолтыг Казахстаны иргэд халуун дотноор хүлээн авч, баяр талархлаа илэрхийлж байв. Ялангуяа Монголоос Казахстанд очин амьдарч буй казах хүмүүс ихээхэн сэтгэл хөдөлж, баярлаж байгаагаа манай сэтгүүлчдэд илэрхийлж, баяр хөөртэй ярилцлага өгч байв.

Манай уран бүтээлчдийн тоглолтыг
Казахстаны иргэд халуун дотноор хүлээн авч, баяр талархлаа илэрхийлж байв
Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочилсон нь бас нэг онцлох хөтөлбөр байв. Казахстаны хиймэл оюун ухааны салбарын анхны төрөлжсөн уг төв шинжлэх ухаан, боловсрол, стартапын экосистем, төрийн удирдлагын салбарт хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлж, цахим салбарт өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Улмаар Казахстан нь 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болж, хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ экспортыг 5 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн байна.
Энэхүү төрийн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотноо болсон Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтын нээлтэд оролцсон юм. Манай улс энэ уулзалтад “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс орныхоо байр суурийг илэрхийлэн үг хэлэхдээ, энэ уулзалт уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг дэлхий нийтийг хамарсан сорилтыг хамтын хүчээр даван туулахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцлон тэмдэглэж, Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэн, газрын доройтлыг бууруулах, ойг нөхөн сэргээхийн төлөө идэвхтэй ажиллаж байгаа болон манай улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд энэ салбарынхны үнэлэмжийг дээшлүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, хөрөнгө оруулалт, хүнсний аюулгүй байдал зэрэг чиглэлээр хамтран ажиллахыг уриалав. Түүнчлэн Монгол Улс уулзалтаас гарах санал санаачилга, зөвлөмжийг ажил хэрэг болгохын төлөө бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотноо болсон Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Ерөнхийлөгч мөн форумын индрээс ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор болох Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд идэвхтэй оролцохыг улс орнуудад уриалсны дээр 10 дугаар сард зохион байгуулах Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад төлөөлөгчдөө оролцуулахыг урилаа.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан Кошанов бараалхаж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийг батлахад парламент манлайлах үүрэгтэйг онцолж, парламент дахь Найрамдлын бүлэг, Байнгын хороод, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурян нарын уулзалт
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзаж, уламжлалт найрсаг харилцаа улс төрийн салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, цаашид хоёр тал эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, ялангуяа “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр”-ийн хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүнийг Армени Улсын зах зээлд нийлүүлэх боломжийн талаар ярилцсан бүс нутаг дахь хамтын ажиллагааг тэлэх бас нэгэн алхам байв.