ГОВЬ-АЛТАЙ: Есөнбулаг сумын цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комиссын шийдвэрээр томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт их байгаатай холбогдуулан Есөнбулаг сумын цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 12 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд түр хязгаарлалаа.
Говь-Алтай аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд томуу, томуу төст өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна. Өнөө жилийн хувьд А хүрээний Н3N2 хүний амьсгалын сентицал вирус давамгайлж томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлтийг үүсгэж байгаа аж.
11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн нийт үзлэгийн 21,9 хувийг ил өвчлөл эзэлж байгаа бөгөөд өмнөх өдрөөс 13,6 хувиар нэмэгдсэн байна. Мөн яаралтай тусламжийн дуудлагын 49,5 хувийг эзэлж байгаа юм.
Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 28 ортойгоос бүгд томуу, томуу өвчлөлийн шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн 60 гаруй хувийг 4 хүртэлх насны хүүхэд байна гэдгийг ЭМГ-ын дарга О.Баатарчулуун танилцууллаа.
Есөнбулаг сумын 11 цэцэрлэгийн нийт хүүхдийн 29,8 хувь нь томуугаар өвчилсөн байгаатай холбогдуулан аймгийн онцгой комисс хуралдан цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 12 дугаар сарын 10-ныг хүртэл хязгаарлах шийдвэрийг гаргажээ.
Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, ахуйн ослоос сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулав. Мөн иргэд, олон нийтийг амны хаалт тогтмол зүүж хэвших, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, халуун бүлээн шингэн, аарц чацаргана тогтмол хэрэглэж дархлаагаа дэмжихийг уриаллаа.
Ulaanbaatar