И.Маскийн хөрөнгө 700 тэрбумаас давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-12-21 10:48:36

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 21 /Kazinform/. Дөрөвхөн хоногийн өмнө Илон Маскийн хөрөнгийн хэмжээ 600 тэрбум ам.доллароос давсан бол баасан гарагт тэрбээр 700 тэрбумаас давсан хөрөнгөтэй түүхэн дэх анхны хүн болжээ. Энэ тухай Forbs.USA цахим хуудсанд мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.


Учир нь, АНУ-ын Делавэр муж улсын Дээд шүүх “Тесла” компанийн 139 тэрбум ам.долларын хувьцааны багцыг хүчингүй болгох тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг цуцалснаар Маскийн хөрөнгийн хэмжээ 749 тэрбум ам.долларт хүрсэн байна.


Маргаантай байгаа дээрх хувьцааг 2018 онд Маскт олгосон нь хууль бус хэмээн Делавэрийн канцелярын шүүх шийдвэрлэсний дараа 2024 оны нэгдүгээр сард Forbes сэтгүүл уг хувьцааны багцын үнэлгээг 50 хувиар бууруулсан юм. Тухайн үед И.Маск Tесла-гийн ТУЗ-ийг удирдаж байсан учраас анхан шатны шүүх дээрх шийдвэрийг гаргажээ.


Харин баасан гарагт Делавэрийн Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа Forbes сэтгүүл Маскийн хөрөнгийн үнэлгээг 69,5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн байна. Ингэснээр Маскийн хувьд Tesla-гийн хувьцаа нь хамгийн үнэ цэнтэй актив болжээ.


Түүний хоёрдахь том актив бол SpaceX компанид эзэмшдэг 42 хувийн хувьцаа бөгөөд 336 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Энэ нь Tesla-д эзэмшдэг хувьцааных нь үнэлгээнээс ердөө 2 тэрбумаар бага юм.


Гэхдээ Tesla бус харин SpaceX компани өргөжин тэлснээр Маск дэлхий дээрх анхны их наядтан болох магадлалтай байна. Учир нь, тус компани 2026 онд IPO хийснээр зах зээлийн үнэлгээ нь 1,5 их наяд ам.долларт хүрнэ гэж шинжээчид таамаглаж байгаа юм. 

Related news