Л.Эллисон Warner Bros.-той холбоотой хэлцэлд баталгаа гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-12-23 09:56:02

НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Forbes/. Paramount Skydance Corp. компани Warner Bros. Discovery-г (WBD) худалдан авах саналынхаа нөхцөлийг дахин хянаж, программ хангамж хөгжүүлэгч Oracle компанийг хамтран үүсгэн байгуулагч, тэрбумтан Ларри Эллисоны зүгээс 40.4 тэрбум ам.долларын хэмжээтэй хувийн, цуцлагдашгүй санхүүгийн баталгааг тусгасныг даваа гарагт мэдээлжээ. Энэ тухай Paramount компанийн албан ёсны мэдэгдэлд дурдсан байна. Ларри Эллисоны хүү, кино продюсер Дэвид Эллисон нь Paramount Skydance Productions компанийн тэргүүн юм.


Худалдан авах саналд оруулсан энэхүү засвар нь Warner Bros. Discovery компанийн захирлуудын зөвлөлийн гаргасан шүүмжлэлд хариу болгосон алхам байв. Тус зөвлөл Paramount-ын өмнөх саналыг хэт эрсдэлтэй гэж үзэж, Эллисоны гэр бүлийн өмнөх баталгаа нь хөрөнгийг шилжүүлэх боломжийг үгүйсгэхгүй тул найдвартай санхүүжилтийн эх үүсвэр гэж тооцох боломжгүй хэмээн мэдэгджээ. Шинэ саналд Ларри Эллисон уг хэлцлийг санхүүжүүлэх болон Paramount компанид учирч болзошгүй нэхэмжлэлийг өөрийн биеэр хариуцах үүрэг хүлээсэн байна. Мөн хэлцэл дуусах хүртэл итгэлцлийг цуцлахгүй, актив хөрөнгийг татан гаргахгүй гэдгээ амласан байна.


Paramount компанийн худалдан авах саналын нийт дүн 108 тэрбум ам.доллар болж байна. Warner Bros. Discovery-гийн хөрөнгийг 83 орчим тэрбум ам.доллароор үнэлж, зөвхөн Warner Bros. кино студи, HBO, HBO Max болон тоглоомын салбарыг худалдан авахаар тусгасан Netflix-ийн саналаас ялгаатай нь гэвэл, Paramount компани WBD-г бүхэлд нь, түүний дотор CNN, TNT, TBS, Discovery зэрэг дэлхий даяарх телевизийн сувгуудын сүлжээг хамтад нь худалдан авах зорилготой байгаа юм.


Paramount компанийн худалдан авах саналыг санхүүжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулагчид мөн оролцож байна. Үүнд Саудын Араб, Катар болон Абу-Дабигийн баялгийн сангууд 24 орчим тэрбум ам.долларын санхүүжилт олгож байгаа аж. Warner Bros. Discovery өмнө нь "гадаадын сангуудын оролцоо нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хүрээнд засгийн газраас нэмэлт шалгалт хийхэд хүргэж болзошгүйг" онцолж байсан юм.


Warner Bros.-той холбоотой хэлцлийн улс төрийн нөхцөл байдал

Warner Bros.-ийг худалдаж авахын төлөө Netflix болон Paramount компанийн хооронд өрнөж буй өрсөлдөөн аль хэдийн Цагаан ордны анхаарлыг татжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ асуудлаар хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлж, Netflix компани WBD-г худалдан авбал кино, телевизийн салбар дахь тус компанийн зах зээлийн эзлэх хувь огцом нэмэгдэх тул “асуудал үүсгэж болзошгүй” хэмээн мэдэгдсэн байна.


Үүний зэрэгцээ тэрбээр Paramount компанийн эзэмшилд байдаг CBS News суваг Цагаан ордны үйл ажиллагааг хэрхэн мэдээлж байгаад шүүмжлэлтэй хандсаар ирсэн бөгөөд өрсөлдөгч компаниудын алийг нь ч дэмжихгүй байгаа гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн “худал мэдээ” тараадаг хэмээн олонтаа буруутгаж ирсэн CNN сувгийн эзэмшигчийг солих шаардлагад онцгой анхаарал хандуулсан байна.


Netflix, Paramount компаниуд хоёулаа Цагаан ордонд өөрсдийн байр суурийг идэвхтэй лоббидож байна. Тухайлбал, Дэвид Эллисон CBS сувгийн ерөнхий редактороор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэг талыг барьсан байдлыг шүүмжилдгээрээ алдартай сэтгүүлч Бари Вайсийг томилжээ. Түүний энэхүү томилгоо АНУ-ын консерватив хүрээлэлд өндөр үнэлгээ авсан байна.


Дээрх мэдээлэл нийтлэгдсэний дараа Paramount компанийн хувьцааны үнэ 5.5 орчим хувиар, WBD-ийнх 4.3 хувиар өссөн байна. Харин Netflix компанийн хувьцааны ханш 1 орчим хувиар буурчээ.








Related news