Тэргэнцэртэй хүн анх удаа сансарт нисжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-12-21 19:01:01

БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 21/DW/. Европын Сансрын агентлагийн /EKA/ инженер Михаэла Бентхаус бямба гарагт Америкийн Blue Origin компанийн New Shepard хөлгөөр 11 минутын турш сансрын дэд тойрог замд богино хугацааны нислэг үйлдлээ.  


Энэ удаагийн нислэгийн онцлог гэвэл, түүхэнд анх удаагаа бэлхүүсээс доош мэдрэлгүй хүн сансарт ниссэн явдал юм. Герман улсын Киль хотын иргэн, 33 настай эмэгтэй М.Бентхаус 2018 онд уулын дугуйгаар аялж яваад нугасандаа гэмтэл авснаас хойш тэргэнцэр дээр явж байгаа юм. Гэвч энэ нь сансарт нисэх гэсэн түүний мөрөөдөлд саад болсонгүй. Хүүхэд ахуйдаа “Оддын дайн” киног үзсэнээс хойш сансарт нисэхийг мөрөөдөх болсон тэрбээр эх дэлхийдээ газардсан даруйдаа “хэзээ ч мөрөөдлөөсөө ухарч болохгүй, хэзээ нэгэн цагт мөрөөдөл биелэх цаг ирнэ гэж би боддог” хэмээн ярилаа.


Blue Origin компани 16 дахь удаагаа сансрын хөлгөө хөөргөсөн нь энэ юм. New Shepard  хөлгийн багийн бүрэлдэхүүнд Бентхаусаас гадна 5 хүн багтсаны дотор Германы сансрын салбарын инженер Ханс Кёнигсманн байлаа. Тэрбээр  2021 он хүртэл Blue Origin-ы өрсөлдөгч болох  SpaceX компанид ажиллаж байсан юм.


“Дэлхийн төрх байдал үнэхээрийн гайхалтай байлаа, гэхдээ өнгөний дэвсгэр нь миний бодож байснаас илүү хар байсан” гэж Кёнигсманн газардсаныхаа дараа ярьжээ.


Америкийн тэрбумтан Ж.Безосын эзэмшлийн Blue Origin компанийн зохион байгуулсан 16 удаагийн сансрын аялалд нийт 80 орчим чинээлэг хүмүүс оролцсон бөгөөд аяллын тасалбарын үнийг нууцалж байгаа юм. Гэхдээ ийм төрлийн аяллыг жинхэнэ сансрын аялал биш хэмээн зарим хүмүүс шүүмжилж байна.


Харин тус компанийн өрсөлдөгч SpaceX компани Axiom Space-тэй хамтран Олон улсын сансрын станцад зочлох аяллыг дөрвөн удаа зохион байгуулаад байгаа юм. Энэ оны долоодугаар сард сансрын дөрвөн жуулчин бүхий хөлөг тус станцад очсон бөгөөд жуулчид тэнд хоёр долоо хоногийг өнгөрүүлээд олон дахин ашиглах Crew Dragon жолоодлогот сансрын хөлгийн капсулаар эх дэлхийдээ эргэн ирсэн билээ.

Related news