М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилов.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Улсын ерөнхий прокурорын газарт очин, Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.
Товч намтар:
1973 онд Сүхбаатар
аймагт төрсөн. 1991 онд Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын дунд
сургууль, 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Хууль зүйн ухааны магистр. Төрийн хууль цаазын шадар зөвлөх.
1995-2007 онд Сүхбаатар аймгийн Прокурорын газарт хяналтын
прокурор, аймгийн прокурорын орлогч, аймгийн прокурор,
2007 оноос Багануур дүүргийн Прокурорын газарт туслах
прокурор, дүүргийн прокурорын орлогч,
2014 оноос Дүүргийн нэгдүгээр Прокурорын газарт Тамгын
хэлтсийн дарга,
2015 оноос Баянгол дүүргийн Прокурорын газарт хяналтын
прокурор, Тамгын хэлтсийн дарга,
2017 оноос Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт ахлах
прокурор,
2019 оноос Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын
прокурор, ерөнхий прокурорын орлогч. Прокурорын байгууллагад 30 дахь жилдээ
ажиллаж байна гэж ЕТГ-аас мэдээллээ.


