БАЯНХОНГОР: Нэн шаардлагатай багаж хэрэгслээр хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-23 14:43:40

Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг гэмтлийн мэс заслын нэн шаардлагатай 44 нэр төрлийн багаж хэрэгсэлтэй боллоо. Ингэснээр тус эмнэлэг ясны гэмтэл хугарлыг цаг алдалгүй эмчлэх боломжтой болж байна.

 

Баянхонгор аймаг Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээндээ Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын гэмтлийн тасагт багаж төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттайгаар хийж буй. Өнгөрөгч тавдугаар сард толгой хүзүүний гэмтлийн мэс засалд ашиглах сүүлийн үеийн технологи, нарийн ажиллагаатай багажуудыг олгосон бол Засаг дарга Э.Энхбат өнөөдөр мөр сарвуу болон доод мөчдийн гэмтлийн мэс засалд шаардагдах багаж хэрэгслийг Нэгдсэн эмнэлгийн захирал Д.Бямбасүрэн, Мэс заслын эмч Б.Лхамсүрэн нарт гардуулан өглөө. 


Баянхонгор аймаг нь  Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран “Гэмтэл, согогийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах төсөл”-ийг нэг жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байна.


Төслийн хүрээнд ГССҮТ-ийн эмч нарын дөрвөн баг Баянхонгор ажиллаж, нийт 1618 хүнд үзлэг, оношилгоо эмчилгээ хийж, яс үений эмгэг, мөчдийн хугарал, толгой, хүзүү, нурууны гэмтэлтэй иргэдэд мэс заслын тусламж үйлчилгээг хүргэжээ. Мөн Хонгор нутгаас гаралтай хоёр эмч аймагтаа тогтмол ажилладаг болсноор орон нутагт гэмтлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч байгаа юм байна.

Related news