ДАРХАН-УУЛ: Багш нарт орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй “Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд багш нарын амьдрах нөхцөлийг сайжруулах, орон сууцжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор гэр бүлээрээ багшилж буй багш нарт орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх журмыг аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн 10 дугаар сард болсон багш нарын баярын үеэр аймгийн засаг дарга мэдээлэл хийхдээ дээрх хөтөлбөрийг танилцуулж эхний удаад 15 багшид дэмжлэг үзүүлнэ хэмээн илэрхийлсэн.

Тэгвэл боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах боломжийг олгох, багшийн хөгжлийг дэмжих уг хөтөлбөрт 80 гаруй багш хүсэлтээ ирүүлжээ. Үүнээс шаардлага хангасан багш мэргэжлээр ажиллаж байгаа 15 гэр бүлд орон сууцны урьдчилгаа төлбөр болгож 20 сая төгрөгийн батламж гардууллаа.
Аймгийн засаг дарга энэ үеэр хэлсэн үгэндээ: Хоёр жилийн өмнө төлөвлөж эхэлсэн бөгөөд багш нарынхаа нийгмийн асуудлыг судалж, сайжруулах, орон сууц хөтөлбөрийг эхлүүлсэн. Гурван жилийн өмнө түрээсгүй орон сууц хөтөлбөр хэрэгжиж 10 багш гэр бүлийнхээ хамтаар түрээсгүй орон сууцад гурван жил амьдраад хөтөлбөр нь дуусаж байна.
Хоёрдугаар ээлж нь ирэх онд эхэлнэ. Энэ орон сууцын урьдчилгаа олгох хөтөлбөрт 15 сургуулийн, гэр бүлээр нь тооцвол 25 орчим багш хамрагдаж байна гэж аймгийн засаг дарга тодотгож байна.

Тогтвор суурьшилтай ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчинд дэмжлэг үзүүлэх, хөтөлбөрт хамрагдах шалгуурыг сургууль бүр өөрсдөө судалж, дотоод санал асуулга, хуралдаанаар сонгосон байна.
Дээрх сургуулиудын шалгаруулж ирүүлсэн материалд үндэслэн орон сууцны
урьдчилгаа төлбөрийн батламжийг ийнхүү гардууллаа.