Казахстан, Узбекистаны удирдагчдыг G20-ийн уулзалтад урьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-24 16:40:15

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /DW/. Дональд Трамп 2026 оны 12 дугаар сард Майами хотод болох "G20"-ийн дээд түвшний уулзалтад Казахстан, Узбекистаны удирдагчдыг оролцохыг урьж байгаагаа Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нартай мягмар гарагт утсаар  ярьсныхаа дараа мэдэгджээ.


“Ирэх онд АНУ G20-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна. Майамид болох маш чухал энэхүү үйл ажиллагаанд хоёр удирдагчийг зочны хувиар оролцох урилгыг бид илгээнэ” гэж Трамп TruthSocial нийгмийн сүлжээнд бичжээ.  Астана, Ташкенттэй тогтоосон Вашингтоны харилцааг тэрбээр “гайхамшигтай” гэж тодорхойлсон байна.


11 дүгээр сард Д.Трамп Өмнөд Африк дахь цагаан арьст фермерүүд рүү халдсан хэрэг гарсны дараа тус улсыг Майамид болох G20-ийн дээд түвшний уулзалтад урихгүй гэдгээ мэдэгдсэн юм. ӨАБНУ бол G20-ийн гишүүн, харин Казахстан, Узбекистан хоёр уг бүтцэд багтдаггүй.


Трамп, Токаев нар Украины асуудлыг хэлэлцжээ

Казахстаны ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Токаев, Трамп нар мягмар гарагт утсаар ярих үеэрээ Орос-Украины дайны асуудлыг хэлэлцжээ. “Газар нутгийн асуудал давамгайлж байгаа, түүнчлэн талууд хоёулаа бодит нөхцөл байдлыг харгалзан харилцан буулт хийх хэрэгтэй байгаа тул Украины мөргөлдөөнийг зохицуулах нь тийм ч амар биш гэдгийг Токаев онцолсон байна. "Манай улс зуучлагч биш боловч шаардлагатай тохиолдолд сайн санааны үүднээс хэлэлцээ хийх талбарыг гаргаж өгөхөд бэлэн байна” гэж хэвлэлийн албаны мэдээлэлд онцолсон байна.


Токаев: Трампыг тэнгэрээс илгээсэн

“Төв Ази- АНУ” дээд түвшний уулзалт Вашингтонд 11 дүгээр сард болж, Дональд Трамп Цагаан ордонд Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистаны удирдагчдыг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр Токаев Трампыг “АНУ-ын улс төрд эрүүл ухаан, уламжлалыг эргүүлэн авчрахын тулд тэнгэрээс илгээсэн агуу төрийн зүтгэлтэн” гэж мэдэгдэж байв. 


Токаев "АНУ-ын Ерөнхийлөгчийн гарамгай удирдагчийн чанарыг онцолж, түүнийг Казахстанд төрийн айлчлал хийхийг урьсан" гэж мягмар гарагт утсаар хийсэн хэлэлцээний талаарх Казахстаны ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ.



Related news