БНСУ-ын Үндсэн хуулийг өөрчлөх талаар хэлэлцээгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-23 09:40:22

СӨҮЛ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /TASS/. БНСУ-ын Улс орноо нэгтгэх яамны ажилтнууд БНАСАУ-ыг тусдаа улс гэж хүлээн зөвшөөрөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг Ерөнхийлөгчид тавьсан гэх мэдээллийг тус яам үгүйсгэжээ.


“Умард Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж Улс орноо нэгтэх яам 12 дугаар сарын 19-нд болсон хаалттай хурлын үеэр мэдэгдсэн тухай зарим хэвлэлүүд мэдээлсэн нь бодит байдалд нийцэхгүй, худал мэдээлэл” гэж яамны албан ёсны төлөөлөгч Юн Мин Хо мэдэгдсэн байна.


БНСУ-ын Үндсэн хуульд "Солонгосын хойгийн бүх нутаг дэвсгэр нь тус улсын бүрэлдэхүүнд орно" гэж заасан байдаг. Харин Умардын тал өмнө нь мэдэгдэхдээ "Өмнөд бол тусдаа, дайсагнасан улс" хэмээн үздгээ илэрхийлсэн байна. Энэ байр суурийг улсынхаа Үндсэн хуульд тусгах саналыг Умардын удирдагч тавьсан аж.


“Манай яам Ерөнхийлөгчид ажлаа тайлагнахдаа Үндсэн хуулийг шинэчлэх асуудлыг хөндөөгүй” гэж Юн Мин Хо хэлээд буруу ташаа мэдээлэл гарсанд харамсаж байгаагаа илэрхийлжээ. 


12 дугаар сарын 22-нд “Чунан ильбо” сонинд мэдээлснээр, Улс орноо нэгтгэх яамны ажилтан Ерөнхийлөгчид тавьсан тайлангийнхаа хаалттай хэсэгт Ёнсе их сургуулийн профессор, шинжээч  Мун Жон Ин Пёньянтай хэлэлцээ хийхийн тулд БНСУ-ын Үндсэн хуулийн 3-р зүйлийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгааг танилцуулжээ. Профессорын үзэж буйгаар, Пёньяны зүгээс "БНСУ нь БНАСАУ-ыг өөртөө нэгтгэхийг зорьж магадгүй" гэж болгоомжилдог тул Умардыг бүрэн эрхт улс гэж хүлээн зөвшөөрвөл хэлэлцээг сэргээх боломжтой гэжээ.


БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён ийм санал байгааг мэдэж байгаагаа дурдаад, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэцүү асуудал гэж мэдэгджээ. “Энэ бол маш төвөгтэй асуудал. Улс төрийн бодлого идеалист мөрөөдөлд бус бодит байдалд суурилах ёстой” гэж тэрбээр хэлсэн байна. Үүний дараа Улс орноо нэгтгэх яамны өөр нэг өндөр албан тушаалтан тайлбар хийж, дээрх санал нь зөвхөн нэг албан тушаалтны хувийн үзэл бодол бөгөөд яамны албан ёсны байр суурь биш болохыг онцолсон гэж “Чунан ильбо”-д бичсэн байна. 


Солонгосын хойгт үндсэндээ хоёр улс оршин тогтнож байна гэж БНСУ-ын Улс орноо нэгтгэх яамны сайд Чон Дон Ён өмнө нь мэдэгдэж байжээ. Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас мэдэгдэхдээ, энэ байр суурь нь БНСУ-ын албан ёсны бодлогыг илэрхийлэхгүй гэдгийг онцолсон байна. Үүнээс гадна, БНАСАУ-тай хэлэлцээ хийхийн тулд АНУ-тай хийж буй цэргийн  хамтарсан сургуулилалтыг цуцлах шаардлагатай гэсэн саналын тухайд Ерөнхийлөгчийн тамгын газар болон Чон Дон Ён өөр өөр байр суурь илэрхийлж байжээ. 


Related news