ЗАВХАН: Авто замын бүтээн байгуулалтыг онцлох үйл явдлаар нэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-24 17:02:02

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймагт энэ онд хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтуудыг онцлох 10 үйл явдал хэмээн нэрлэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.  


Энэ онд Завхан Говь-Алтай аймгийг холбох 178 км авто замын ажлыг эхлүүлжээ. 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй уг төсөл нь энэ оноос 2028 он хүртэл үргэлжлэх ба нийт 178 км-ын урттай зам юм.


Эхний ээлжинд Завхан аймгийн Алдархаан, Цагаанхайрхан сумыг холбох 40.1 км автозамын барилгын ажлыг амжилттай эхлүүлсэн байна. Завхан, Говь-Алтай аймгийг холбох замын зорчих хэсгийн өргөн 7.0 метр, дөрвөн байршилд нийт 420 метр төмөр бетон гүүр, 105 байршилд ус зайлуулах хоолой, 11 байршилд уулзвар гарц, 7 байршилд авто зогсоолыг хийх юм. Энэхүү зам нь ОХУ, БНХАУ-ыг холбох коридор зам болно.


Энэ оны онцлох үйл явдлын хоёр дахь нь Нөмрөг-Улаангом чиглэлийн 159.5 км авто замын ажлыг эхлүүлсэн ажил юм.


Завхан аймгийн Арцсуурийн боомтыг холбох 159.5 км авто замын бүтээн байгуулалт нь Улаангом-Нөмрөг чиглэлийн А18 чиглэлийн авто замаас эхэллээ. Энэхүү замын ажлыг хийхдээ Завхан аймгийн Түдэвтэй, Баянхайрхан, Асгат, Баянтэс, Тэс сумыг хатуу хучилттай авто замаар холбох юм. Арцсуурь хилийн боомт хүртэлх авто зам ашиглалтад орсноор орон нутгийн хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулахаас гадна баруун бүсийн аймгуудад эдийн засгийн үр өгөөжөө өгөх юм гэв.

Улиастай-Алтай чиглэлийн Улиастай-Цагаанхайрхан хэсгийн 40 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг

энэ оны тавдугаар сараас эхлүүлжээ. 

 

Related news