ГОВЬ-АЛТАЙ: Их говийн тэмээний баяр Цээл суманд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-01-06 15:12:17

Есөнбулаг, 2026 оны нэгдүгээр сарын 06 /МОНЦАМЭ/. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Дашдорж агсны нэрэмжит "Их говийн тэмээний баяр-2026" аймгийн тэмээчдийн их наадам болно. 


Говь-Алтай аймгийн төв Цээл суманд тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчид тэмээчдийн туршлагыг солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэн алдаршуулахыг гол зорилгоо болгосоор ирсэн “Их говийн тэмээний баяр” энэ сарын 22-24-ний өдрүүдэд болно.


Баярыг УИХ-ын гишүүн, “Алтайн хөгжил XXI зуун” ТББ-ийн тэргүүн Ц.Дашдорж агсан 2005 онд анх санаачлан зохион байгуулж байсан бөгөөд өдгөө үр хүүхдүүд нь жил бүр түүний нэрэмжит болгон зохиож байна.


Баярын хүндэтгэлийн жагсаалд сум бүрээс ирсэн тэмээчид жин тээх уламжлалыг үзүүлж, үндэсний хувцас хэрэглэл өмсөж тэмээгээ унан, тэмээний уламжлалт соёлыг харуулсан олон үзүүлбэр хэв маягийг наадамчдад үзүүлнэ.


Мөн ингэний сүү, цагаан идээний үзэсгэлэн худалдаа, тэмээний ноосон бүтээгдэхүүн эдлэл хэрэглэлийн үзэсгэлэн гаргах ажээ. Энэ баяраар шилдэг буур, ингэ, сүүн болон ноосон бүтээгдэхүүн, уралдаан, тэмээний ганган хэрэглэл, тэмээ, тэмээчид, говь нутгийн тухай дуу, бүжиг, ерөөл магтаал шалгаруулж урлагийн баяр болгох гэнэ. 


Ташрамд, өнөө жилийн баяраар хүчин 64 бөхийн барилдаан болохоороо онцлогтой ажээ.

Related news