АРАВ ДАХЬ ДОЛОО ХОНОГ: Ойрх Дорнодод дахин дайн дэгдлээ

ТОЙМ
Jargal.d@montsame.mn
2026-03-07 12:33:50

УЛААНБААТАР, 2026 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд анхаарал татсан олон үйл явдал өрнөлөө. Тухайлбал, АНУ, Израил хамтран Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн бол Афганистан, Пакистаны хооронд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа. Мөн Хятадын нийгэм, эдийн засгийн ололт амжилт, цаашдын хөгжлийн хэтийн төлвийг тодорхойлдог хоёр чуулган эхлэв. Ингээд өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.


Монгол Улсын Засгийн газраас “Сенчири-5” бондыг гаргалаа
Монголын Засгийн газраас “Сенчири-5” бондыг олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай гаргалаа. Нийт 500 сая ам.долларын бондыг 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэйгээр амжилттай арилжаалан, 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг тус тус буцаан худалдан авах өрийн зохицуулалтыг хийлээ.  

Ингэснээр Засгийн газар 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг бууруулж 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж, төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломжийг нээлээ. АНУ болон Израил хамтран Иран руу дайрснаас үүдэн олон улсын санхүүгийн зах зээлд огцом савлагаа үүсээд буй үед ийнхүү Монгол Улс бондоо амжилттай арилжаалж чадав. 

"PDAC 2026" чуулган боллоо
Ашигт малтмалын хайгуул, уул уурхайн салбарын дэлхий дээрх хамгийн том чуулган, үзэсгэлэн болох "PDAC-2026"  Канадын Торонто хотноо боллоо. 1932 оноос хойш жил бүр зохион байгуулж буй энэхүү чуулган нь уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийн уулзалтын гол талбар юм.

Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн 125 орны 27 мянга гаруй төлөөлөгч оролцсоны дотор манай улсаас Монголын Уул уурхайн ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Чуулга уулзалтын үеэр Монголын уул уурхайн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, стратегийн төслийг сурталчлах зорилгоор АҮЭБЯ, МУУҮА, Канад-Монголын худалдааны танхим хамтран “Монголын өдөр 2026” үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Хятадын хоёр чуулган эхэллээ
14 дэх удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын IV чуулган болон Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 14 дэх Үндэсний хорооны IV чуулган Бээжин хотод гуравдугаар сарын 4, 5-нд эхэллээ.

"Хоёр чуулган" хэмээн нэрлэдэг энэхүү улс төрийн хүрээний томоохон үйл явдал 10 хоног үргэлжлэх төлөвтэй байна. Чуулганаар дэлхийд хоёрдугаарт ордог Хятадын эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлно. Энэхүү хоёр чуулганаар дотоодын хэрэглээний өсөлт нь удаашраад байгаа Хятад улс эдийн засгийн өсөлтийн томоохон зорилтуудыг тавих уу гэсэн асуудал олон улсын ажиглагчдын анхаарлыг ихээхэн татаж байна. Мөн Ши Жиньпиний тус улсын замын зураглалын талаарх ойлголтыг өгдөг шинэ таван жилийн төлөвлөгөө мөн анхаарал татаж байна.

Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагаа эхлэв 

Ираны цөмийн хөтөлбөрийг бүрмөсөн зогсооно гэж Д.Трамп өмнө нь хэдэнтээ мэдэгдсэний дараа АНУ, Израил хамтран Ираны эсрэг өргөн хүрээтэй дайралт хийж эхэллээ. 1989 оноос хойш Ираныг удирдаж байсан Аятолла Али Хаменеи Техран дахь ордон нь пуужингийн цохилтод өртөх үеэр амиа алдлаа. 


Энэ удаагийн довтолгоо нь 2003 онд Иракийн эсрэг явуулсан ажиллагаанаас хавьгүй өргөн цар хүрээтэй байсан гэж АНУ-ын эрх баригчид мэдэгдэв.


Мөн Америкийн шумбагч онгоц Шри-Ланкийн эргийн ойролцоо Ираны байлдааны хөлөг онгоцыг живүүлсэн нь Дэлхийн II дайнаас хойш АНУ-ын шумбагч онгоцноос торпед харвасан анхны тохиолдол болсон байна. Шри-Ланкийн тэнгисийн цэргийн хүчин Ираны олон цэргийг аварч чадсан хэдий ч 80 гаруй цэргийн цогцос олдож, бусад нь сураггүй болсон байна.


Ираны тал АНУ-ын цэргийн баазууд байрлаж буй Персийн булангийн орнуудыг чиглэсэн дайралтаа үргэлжлүүлсээр байна. Мөн Хезболла бүлэглэлийн дайралтын хариуд Израилын арми Ливаны нутагт цохилт өгч эхэллээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп цэргийн ажиллагаа хэдэн долоо хоногийн турш үргэлжилж болзошгүй гэж мэдэгдээд байна. Энэхүү ажиллагаа нь Персийн булангийн бүс нутгийг дайны галд автуулж, Иран, Израил, Ливанд олон арван энгийн иргэд амиа алджээ. Түүнчлэн агаарын тээврийн салбарт хямрал үүсгэснээс гадна дэлхийн газрын тосны худалдааны тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг Ираны тал хаасны улмаас тээвэрлэлт тасалдаж, саяхан 70 ам.доллар байсан Brent маркийн нефтийн үнэ 87 ам.доллароос давлаа. Мөн Катарын эрх баригчид дэлхийн шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг терминалаа хаасны улмаас Европын орнуудад хийн фьючерс хэлцлийн үнэ 50 гаруй хувиар өссөн байна.


Түүнчлэн далайн тээврийн даатгалын компаниуд бүс нутаг дахь дайнаас учирч болзошгүй эрсдэлтэй холбоотойгоор зарим гэрээг цуцалснаар далайн тээврийн зардал огцом өсжээ.


Азийн хөрөнгийн биржүүдэд томоохон уналт боллоо

Ойрх Дорнод дахь мөргөлдөөн сунжрах вий гэсэн болгоомжлолоос үүдэн Америкийн хөрөнгийн биржүүдэд бага зэргийн уналт болж, долоо хоногийн дунд үеэс буцаад сэргэлээ. Харин Персийн булангийн орнуудын эрчим хүчний эх үүсвэрүүдийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байдаг Азийн орнуудын хөрөнгийн зах зээлд огцом уналт боллоо. Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийн гол индекс болох KOSPI нэг өдрийн дотор хамгийн их хувиар буюу 12 хувиар унасан бол Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд 3-аас дээш хувиар унаж, сарын хамгийн доод түвшинд хүрлээ.

Афганистан, Пакистаны мөргөлдөөн хурцдав
Афганистан, Пакистаны хоорондох зэвсэгт мөргөлдөөн сүүлийн жилүүд дэх хамгийн хурц мөргөлдөөн болж өргөжиж байна. Саяхан Пакистаны цэргүүд Кабулд цохилт өгсөн бөгөөд цохилтын бай нь "Талибан" хөдөлгөөний засгийн газрын дэмжлэгтэй террористуудын ашиглаж байсан объектууд байжээ. Улмаар пакистанчууд довтолгоогоо өргөжүүлж, Кабулын хойд хэсэгт орших Баграмын цэргийн нисэх хүчний бааз зэрэг “Талибан”-ы цэргийн объектуудад цохилт өгсөн байна. 

Франц цөмийн зэвсгийн эрин үе рүү орлоо
Франц улс цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж, 2036 онд цөмийн хөдөлгүүрт шинэ шумбагч онгоцтой болно гэж Э.Макрон мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ “Европ тив Оросын цөмийн аюул заналтай тулгарч байгаа тул дараагийн 50 жил цөмийн зэвсгийн эрин үе байх болно” гэв. Франц мөн шинэ “тогтоон барих” стратегийн хүрээнд Их Британи, Бельги, Дани, Герман, Грек, Нидерланд, Польш, Шведтэй хамтарсан сургуулилалт хийх зэргээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. 


Ирэх долоо хоногт болох үйл явдлууд:
  • Италийн Милан, Кортина-д’Ампеццо хотуудад өвлийн Паралимпын XIV наадмын тэмцээн уралдаанууд үргэлжилнэ.
  • Гуравдугаар сарын 8-нд Колумб улсад болох парламентын сонгуулийн дүн гарна.
  • Гуравдугаар сарын 8-12-нд эрүүл мэндийн салбар дахь хиймэл оюун ухааны асуудлаарх “AIHealth 2026” олон улсын III бага хурал Испанийн Валенсиа хотод болно. 
  • Гуравдугаар сарын 10-11-нд УЕФА-гийн Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-гийн эхний тоглолтууд болно. 
  • Жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн баасан гарагт тохиодог, нойрны ач холбогдол, нойрны эмгэгийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой өдөр (World Sleep Day) гуравдугаар сарын 13-нд тохионо.
  • Гуравдугаар сарын 13-15-нд Ухаалаг хот төлөвлөлт, нийтийн тээврийн асуудлаарх “SCEPT 2026” олон улсын бага хурал Хятадын нийслэл Бээжин хотод болно.
  • Гуравдугаар сарын 13-15-нд Кибер аюулгүй байдал, хиймэл оюун, дижитал эдийн засгийн асуудлаарх “CSAIDE 2026” олон улсын бага хурал Испанийн Саламанка хотод болно.
  • Мэргэжлийн бейсболын “World Baseball Classic 2026” олон улсын тэмцээний шөвгийн наймын тоглолтууд гуравдугаар сарын 13-14-нд болно. 
  • Гуравдугаар сарын 14-нд Олон улсын гол мөрнийг хамгаалах өдөр тохионо.
  • Гуравдугаар сарын 14-нд Дэлхий даяар Пи тооны өдрийг тэмдэглэнэ. 
  • Гуравдугаар сарын 15-нд Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохионо.
  • Гуравдугаар сарын 15-нд Вьетнамын парламентын сонгууль, Бүгд Найрамдах Конго Улсад ерөнхийлөгчийн сонгууль,  Казахстанд шинэ Үндсэн хуулийн төслийг батлах асуудлаар бүх нийтийн саналга асуулга болно.
  • Ази тивийн эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилнэ.
Related news