Хятадын хоёр чуулган: Хурдтай өсөлтөөс аажим чанартай өсөлт рүү
ТОЙМ
УЛААНБААТАР, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Жил бүрийн хавар гуравдугаар сарын эхээр болдог Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал, Хятадын Ардын Улстөрийн зөвлөлдөх зөвлөлийн хурал буюу “Хятадын хоёр чуулган” өчигдөр өндөрлөлөө.
Чуулганы явцад ардын төлөөлөгчид Хятадын
нийгэм-эдийн засгийн хөгжлийн томоохон зорилтууд, гадаад харилцаанд баримтлах
бодлогыг тодорхойлж, Төрийн зөвлөлийн буюу засгийн газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцжээ.
Энэ удаагийн “хоёр чуулган”-ы
онцлог бол БНХАУ-ыг 2026-2030 онуудад хөгжүүлэх XV таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх
үетэй давхацсан явдал юм. Нөгөөтээгүүр, дэлхий дахинд зэвсэгт мөргөлдөөн
дэгдэж, худалдааны дайн хүчээ авч, гол гол түүхий эдүүдийн үнэ өсөж буй ороо
бусгаа цаг үед болж өнгөрлөө.
Өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээр
болсон Хятадын Коммунист Намын Төв хорооны IV бүгд хурлаар дэлхийн хоёр дахь
том эдийн засаг болох Хятад улсын хөгжилд төдийгүй дэлхийн эдийн засаг,
технологийн чиг хандлагад багагүй нөлөө үзүүлэх XV таван жилийн төлөвлөгөөний
/2026–2030/ үндсэн чиглэлүүдийг тодорхойлсон билээ.
Алгуур чанартай өсөлт рүү
Харин энэ удаагийн “хоёр чуулганаар”
уг төлөвлөгөөг албан ёсоор баталлаа. Төлөвлөгөөнд 2026 оны ДНБ-ий өсөлтийн
зорилтыг 4.5–5 хувь гэж тогтоосон нь сүүлийн 40 гаруй жилийн хугацаан дахь
хамгийн доогуур зорилтот түвшин юм. 2026-2030 он бол 2035 он гэхэд “социалист
зах зээлийн өндөр түвшний эдийн засгийг” бий болгох буюу социалист шинэчлэлийг
хэрэгжүүлж дуусгах, цаашлаад 2049 он гэхэд орчин үеийн хүчирхэг социалист улсыг
байгуулах зорилтыг хэрэгжүүлэх үйл явцын
маш чухал үе шат мөн. Шинэчлэлийг хэрэгжүүлснээр нэг хүнд
ногдох ДНБ-ий хэмжээ 20 мянган долларт /одоо 13800 доллар/ хүрэх бөгөөд үүний тулд жил бүр эдийн засгийг 4,1-ээс дээш хувиар өсгөх ёстой .
Эдийн засгийн өсөлтийн зорилтыг 4,5-5 хувь гэж тогтоосон нь тооны хойноос хөөцөлдөхийг Хятадын удирдлага төдийлөн таашаахгүй болсныг харууллаа. Эдийн засгийн бодит сорилтууд буюу залуучуудын дунд ажилгүйдэл 16-17 хувьтай байгаа, дефляц нүүрлэсэн, цар тахлын дараа дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх гэсэн оролдлого бүтэлгүйтсэн, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал, АНУ-тай хийж буй худалдааны дайн зэрэг бэрхшээлүүд тулгарч буйг Хятадын удирдлага харгалзан үзсэний үндсэн дээр өсөлтийн зорилтоо тодорхойлжээ.

Өнгөрсөн онд болсон ХКН-ын Төв хорооны IV бүгд хурлаас тооны өсөлтөөс чанарын өсөлтөд шилжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан бол энэ удаагийн хоёр чуулганаар “бодит хэрэгжилтийн үе шатанд илүү үр дүнд хүрэх” явдлыг хөхиүлэн дэмжинэ гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийг хуучин аргаар бус харин өөр бүтцийн хүрээнд, өөр өөр дарааллаар чанарын илүү өндөр түвшинд гаргана гэсэн үг. Үүнийг хурдтай өсөлтөөс чанартай өсөлт рүү шилжих стратеги гэж тодорхойлжээ. Тодруулбал, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, квантын болон ногоон технологи зэрэг өндөр технологид тулгуурлан өсөлтийг бий болгохыг зорьж байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл ба экспортын өсөлт, үл хөдлөх хөрөнгийн салбарын тэлэлтээр бус харин дотоодын хэрэглээ ба инновацид суурилсан хөгжлийн загварыг ашиглан эдийн засгийн өсөлтийг хангана гэсэн үг юм. Тодруулбал, 2026 оны төлөвлөгөөнд дорх 4 үндсэн чиглэлийг тусгажээ. Үүнд:
- 1. Өсөлтийг уян хатан байдлаар тогтвортой түвшинд хадгалах
- 2. Стратегийн түүхий эдийн аюулгүй
байдал, технологийн бие даасан байдлыг бататгах
- 3. Хэрэглээг дэмжихийн тулд төсвийг
тэлэх
- 4. Мөнгөний бодлогыг зөөлрүүлэх
Өөр нэгэн онцлох зүйл бол, геополитикийн өрсөлдөөн ширүүсэж буй өнөөгийн нөхцөлд Хятад улс батлан хамгаалахын зардлаа 7 хувиар нэмэгдүүлж, 277 тэрбум долларт хүргэнэ гэдгээ зарласан явдал юм.
Нийгмийн салбарт нэг зүйлийг онцлоход, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их
хурлын Байнгын хороо хүн амыг өсгөхөд чиглэсэн хуулийн төслүүдийг боловсруулахаар
төлөвлөж байна. Хятадын хүн амын тоо сүүлийн хэдэн жилийн турш дараалан буурч буй
үед хүүхэд асрах үйлчилгээний тухай, нийгмийн халамжийн ба эрүүл мэндийн
даатгалын тухай хуулиудийг өргөн барина. Төрөлтийг нэмэгдүүлэх үүднээс өнгөрсөн
оны зун “гурван жилийн хугацаанд хүүхэд бүрт гурван нас хүртэл нь жил бүр 3600
юаний тэтгэмж олгох" шийдвэр гаргаж, сургуулийн өмнөх боловсролын зардлыг хямдруулах
тухай хуулийг баталжээ.
Байгалийн хийн хоолойн асуудал “байрнаасаа хөдөлнө”
Хятадын шинэ таван жилийн төлөвлөгөөнд “төвийн маршрутын бэлтгэл ажил” гэсэн үг оржээ. Энэ нь манай Монгол Улсад маш их хамаатай бөгөөд “төвийн маршрут” гэдэг нь хий дамжуулах “Сибирийн хүч -2” хоолойг хэлж байгааг шинжээчид онцоллоо.
Оросоос Хятад руу хий дамжуулах уг хоолойг Монголын нутгаар дайруулах тухай асуудал 2006 оноос хойш яригдсаар өнөөдөр яг 20 жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн хугацаанд болсон Монгол-Орос, Монгол-Орос-Хятадын өндөр дээд хэмжээний уулзалт бүрийн үеэр уг асуудлыг хөндсөөр ирсэн ба сүүлдээ талуудын яриа хэлэлцээг “чимэглэдэг”, түүнд “хачир” нэмдэг сэдэв болж хувираад байв.Харин Хятадын хоёр чуулганаар баталсан стратегийн төлөвлөгөөнд хийн хоолойн асуудал тусгагдана гэдэг бол “хийн хоолой бол хий хоосон мөрөөдөл биш ээ” гэсэн дохиог өгч байна.
Өнгөрсөн хугацаанд Орос, Хятадын талууд хийн үнийн талаар санал зөрөлдөөнтэй байснаас үүдэн хийн хоолойн төсөл хэдэнтээ хойшлогдсон юм. Хошигнож хэлбэл, дундаа нэг тоолууртай нийтийн байранд амьдардаг айлууд тогны мөнгөө төлөх болохоор үргэлж хэрүүл маргаан үүсгэдэгтэй адил гэж Оросын хэвлэлд бичсэн байна. Харин өнөөдөр дэлхий дахинд үүсээд буй хурцадмал байдал нь “Сибирийн хүч -2”-ын ач холбогдлыг эргэн санууллаа.
Орос-Украины дайн, Америкийн цэргүүд Венесуэлийн Ерөнхийлөгчийг олзлон авч явсан, Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагаа эхэлснээр дэлхийн даяарх нефть, хийн экспортын 20-30 хувь нь дамжин өнгөрдөг Ормузын хоолой хаагдсан зэргийн улмаас Азийн орнуудын эрчим хүчний аюулгүй байдал эмзэг боллоо. Ялангуяа Хятад улсын импортолж буй түүхий нефтийн 50 орчим хувь, шингэрүүлсэн хийн 30 орчим хувийг Ормузаар дамжуулан тээвэрлэдэг байна. Персийн буланд дэгдсэн дайны улмаас тээвэрлэлт үндсэндээ зогсож, импортлогч, экспортлогч талууд олон тэрбумын алдагдал хүлээж, хийн үнэ шууд 50 хувиар өсөв. Тэгэхээр шингэрүүлсэн хий ачсан танкеруудад найдахын аргагүй болжээ. Хятад улс олон эх үүсвэрээс байгалийн хий импортолдог нь аль нэг орноос хараат болохоос сэрэмжилж буй стратегийн бодлого юм. Ялангуяа геополитикийн эрсдэл эрс нэмэгдсэн өнөө цагт хуурай газраар тавих “Сибирийн хүч-2” хийн хоолой нь Барууны хоригт өртөхгүй, Ормузтай адил хаагдаж боогдохгүй гэх мэт давуу талууд бий.
Түүнээс гадна, Узбекистан, Казахстаны нутгаар дамжин өнгөрдөг Туркменистан – Хятад чиглэлийн хий дамжуулах хоолойгоор жилд 55 тэрбум шоо метр хийг Хятадад нийлүүлдэг бөгөөд хүчин чадлынхаа дээд хэмжээнд ажиллаж байгаа юм. Иймээс D салбар шугамыг барихад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүний зэрэгцээ Төв Азийн орнуудад хийн олборлолт буурахын сацуу дотоодын хэрэглээ нь нэмэгдэж байгаа нь Хятад руу хийх нийлүүлэлтэд нөлөөлж магадгүй гэсэн болгоомжлол бий.
Ташрамд дурдахад, өнгөрсөн оны 9
дүгээр сард Бээжинд болсон Монгол,
Орос, Хятадын төрийн тэргүүн нарын уулзалтын дараа Орос, Хятадын компаниуд хийн
хоолойн асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Нийт
2600 км урт хийн хоолойн 960 км урт хэсэг нь Монголын нутгаар дайран өнгөрөх
бөгөөд жилд 50 тэрбум шоо метр хийг Хятадын хойд нутгийн үйлдвэрлэл хөгжсөн мужуудад нийлүүлнэ. 13.6 тэрбум долларын өртгөөр барих уг хоолойг
Монголоор дайруулах нь зайг
дөтөлж, зардлыг хамгийн бага хэмжээнд байлгана.
Нөгөөтээгүүр, Барууны элдэв хоригоос
залхсан Оросын тал удахгүй Европын Холбооны орнуудад хий нийлүүлэхээ зогсоох бөгөөд Хятадтай томоохон хэлцэл байгуулахыг сонирхож буй үеийг Хятадын
тал алдахгүйгээр ашиглаж, хуурай газраар хий авахыг эрмэлзэх болжээ. Хятадын
шинжээчдийн үзэж байгаагаар, хий хоолойн бэлтгэл ажил энэ онд эхэлж магадгүй
байна. Гэхдээ ажлыг эхлүүлэх тов нь Москва, Бээжин, Улаанбаатар гурав техникийн
нарийн ширийн асуудлуудыг зөвшилцөхөөс хамаарна.
ОХУ-ын Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн захирал А.Белогорьевийн ярьснаар, “Сибирийн хүч-1” хоолойг барьсан хугацаагаар тооцож үзвээс, хэрвээ ажил 2026 онд эхэлбэл хийн хоолой 2030 оноос нааш ашиглалтад орохгүй бөгөөд харин 2027 онд эхэлбэл 2032 оноос хий нийлүүлж эхэлнэ, үүнээс 3 жилийн дараа 2035 онд төслийн бүрэн хүчин чадлаараа ажиллах ажээ.