Д.Хуягбаатар: Өв, соёлоо үр хойчдоо өвлүүлж хуур урлана гэдэг сайхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-03-27 09:40:53

Дархан, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дэлхийн 36 орны 40 гаруй хэл хуурын үзэсгэлэн Дархан хотын музейд даваа гарагт дэлгэсэн. Энэ сарыг дуустал зохион байгуулах үзэсгэлэнд хэл хуур урлаач Д.Хуягбаатарын хулсан болон нуман хуур үзэгчдийн хүртээл болж байна.


Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Д.Хуягбаатар 30 гаруй жилийн өмнө Дархан-Уул аймагт шилжин суурьшжээ.

Тэрбээр тэтгэвэртээ гарснаасаа хойш зүгээр суусангүй, харин ч олон төрлийн зүйл хийж, бүтээхээр хичээн оролдож ирсэн байна. Тэрбээр эртнээс уламжилж ирсэн өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэл хуур урлаж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг эрхэм зорилгоо болгосон бөгөөд үүндээ сэтгэл дүүрэн байдгаа ирсэн зочдод хуучилж байлаа.



Хулсан хуур, нуман хуур нь өөр өөрийн гэсэн өнгө аясыг илэрхийлж дуугардаг. Эвийг нь олбол хэл хуур /төмөр хуур/ шиг амар сурах боломжтой санагддаг.


Алтайн өндөр, хархираа түргэний уулс шигээ шуугих, исгэрэх, талын салхины хүнгэнэх гээд олон сайхан чимээг агуулсан мэт байдаг. Тиймээс хэл хуур нь үндэсний өв, соёл, газар нутгийн онцлогийг өөртөө шингээж бүтээдэг болов уу гэж боддог.



Миний хувьд хэл хуур урлаад олон жил өнгөрчээ. Захиалагчид хуураа гардан авч явахдаа өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хувь нэмрийг минь үнэлэн талархал илэрхийлэхэд нь сэтгэл хангалуун байдаг. Түүнчлэн энэ үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байна гэдэг нь тасралтгүй үргэлжлэх түүхийг бүтээж буй хэрэг хэмээн ойлгодог.


Ээж болон нагац эгч нь хулсан хуур тоглодог байсан бөгөөд малаа хариулж явахдаа байгалийн сайханд эгшиг аялгууг нь уянгалуулан зааж, сургадаг байжээ.

Харин зуны дэлгэр цагт төдийлөн ил гаргадаггүй, тэнгэр задалж, хур бороо элбэгшинэ гэж захидаг байж.




Түүний хувьд хэл хуураа зөвхөн ямар хөг, ая гаргаж байгааг шалгах төдийд л татдаг байсан бөгөөд бусад шиг тоглож сураагүй байжээ. Харин түүний эхнэр нь хуур тоглодог байна.


Үзэсгэлэнд оролцож буй хэл хуур урлаач Д.Хуягбаатарт талархал илэрхийлж, Монгол Улсын Соёлын элч, Монголын уламжлалт хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч Б.Нарандэлгэр холбооны үнэмлэхийг гардуулан, түүнийг Монголын уламжлалт хэл хуурчдын холбооны гишүүнээр батламжилсан юм.

 

Related news