ЗАВХАН: "Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулга 70 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. “Монгол
хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгад Завхан аймгаас 30 иргэн
оролцоно.
Зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттай явуулах бөгөөд эхний шат нь энэ сарын 27-ноос эхэлж, 1570 иргэн санамсаргүй түүврийн аргаар оролцоно. Үүнээс 740 нь нийслэл, 830 нь хөдөө орон нутгийн иргэд байна. Завхан аймагт санал асуулгыг хэрхэн зохион байгуулж, хэдэн өрх оролцож байгааг Завхан аймгийн Статистикийн хэлтсийн дарга А.Өнөрбатаас тодрууллаа.
-Аймгийн хэмжээнд санал асуулгын нэгдүгээр шатанд 3 сумын 3 багийн 30 иргэн санамсаргүй түүврийн аргаар оролцож байна. Улиастай сумын Жаргалант баг, Дөрвөлжин сумын Цогт баг, Түдэвтэй сумын Баянцагаан багийн иргэд эхний шатанд саналаа өгч буй бөгөөд мэдээлэл цуглуулалт одоогоор 70 хувьтай үргэлжилж, Статистикийн хэлтсийн мэргэшсэн хоёр судлаач ажиллаж байна.
“Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын эхний шат дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Дараагийн шатны санал асуулгыг Улаанбаатар хотод зохион байгуулах бөгөөд эхний шатанд оролцсон иргэдийн 50 хувь буюу санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 15 хүн оролцох юм.
Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг тэгш, шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилгоор дээрх санал асуулгыг зохион байгуулж байна гэлээ.
