ӨМНӨГОВЬ: “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулга 90 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-04-01 14:53:52

Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийн хэмжээнд “Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат энэ сарын 27-ноос эхлэн явагдаж байна.

 

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилгоор “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байгаа юм.

 

Өмнөговь аймагт санал асуулгыг хэрхэн зохион байгуулж, хэдэн өрх оролцож байгаа талаар аймгийн Статистикийн хэлтсийн дарга С.Бямбаабаатараас тодрууллаа.

 

Монгол Улсын хэмжээнд нийт 1570 иргэнийг оролцуулахаар төлөвлөснөөс 740 нь нийслэлээс, 830 нь орон нутгаас оролцоно. Харин Өмнөговь аймгаас зөвлөлдөх санал асуулгад санамсаргүй түүвэрлэлтийн аргаар Даланзадгад сумын Хан уулын 2 дугаар баг, Их уулын 6 дугаар баг, Мандал-Овоо сумын Өтгөн баг, Манлай сумын Жаргалант багийн нийт 40 иргэн сонгогджээ.


“Монгол хүн-Баялгийнхаа эзэн" зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагааны явцын талаар Зөвлөлдөх зөвлөлийн албаны гишүүн А.Амарбал, ҮСХ-ны Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Төмөрхуяг нар Өмнөговь аймагт ажиллаж байна.


Өнөөдрийн байдлаар мэдээлэл цуглуулалт 90 хувьтай, 36 хүнээс судалгааг бүрэн аваад байна. Үлдсэн 4 хүнээс судалгааг бүрэн авч дуусгахаар ажлын баг ажиллаж байна гэлээ. 

Related news