ЗАВХАН: Шагайн харвааны тэмцээнд 230 гаруй харваач оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Идэр суманд зохион байгуулсан шагайн харвааны тэмцээнд гурван аймгийн 29 багийн 230 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорьжээ.
Тэмцээнийг Идэр мэргэн шагайн салбар зөвлөлөөс зохион байгуулсан бөгөөд тус зөвлөл нь Монголын Үндэсний Шагайн Харвааны Холбооны 2025 оны “Шилдэг салбар зөвлөл”-өөр шалгарсан юм.
Тэмцээний тэргүүн байрыг Улиастай сумын харьяат, аймгийн гоц мэргэн Санжсүрэнгийн Базаррагчаа ахлагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн “Хүйс хайрхан” баг эзэллээ. Дэд байрт Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, ахмад харваач Бат-Очирын Мондгор ахлагчтай “Хөхүйн цэц” баг шалгарсан бол гуравдугаар байрт Завхан аймгийн Идэр сумын харьяат, аймгийн гоц мэргэн Банзрагчийн Баттөр ахлагчтай “Идэр мэргэн” баг орсон байна. Мөн тусгай байрт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, аймгийн гоц мэргэн Дамдинсүрэнгийн Рэнчиндорж ахлагчтай “Хаш шагай” баг шалгарчээ.
Завхан аймгийн Даян мэргэн харваачдын холбоо нь шагайн харвааны соёлыг түгээн дэлгэрүүлэх, өв уламжлалыг сурталчлах зорилгоор жил бүр нэрэмжит тэмцээнийг аймгийн сумдад зохион байгуулдаг уламжлалтай. Үүний үр дүнд орон нутгийн хүүхэд, залуучууд, иргэд шагайн харвааны дэг жаяг, соёлыг танин мэдэхийн зэрэгцээ уг спортоор хичээллэх сонирхол нэмэгдэж байгааг онцолж байна.
Завхан аймагт 560 гаруй иргэн, хүүхэд залуучууд шагайн харваагаар хичээллэж байна. Шагайн харваагаар хичээллэснээр хүүхэд, залуучууд сууж сурах, тэвчээр хатуужилтай болохоос гадна хараа, төвлөрөл сайжирч, уухай цээл, оноо мэргэн байх чадвар нь ахидгийг Даян мэргэн харваачдын холбооноос мэдээллээ.
Ташрамд дурдахад, шагайн харваа нь XIII зуунд өргөөндөө хаад ноёдын зугаацдаг наадгай байсан ба хожим нь ард түмний дунд дэлгэрэн хөгжиж, эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадам болон өргөжсөн. 2014 оны 11 сарын 27-нд “ЮНЕСКО”-гийн “ Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн юм.

Завхан аймгийн Идэр сумын харьяат, аймгийн гоц мэргэн Банзрагчийн Баттөр ахлагчтай “Идэр мэргэн” баг