УВС: Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд 100 хувь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-06 16:43:07

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. "Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгад Увс аймгийн Улаангом сумын 3, 9 дүгээр баг болон Зүүнхангай сумын Жаргалант баг, Наранбулаг сумын Алдар багаас тус бүр 10, нийтдээ 40 иргэн санамсаргүй түүврийн аргаар сонгогдон 100 хувь саналаа өгчээ.


Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар нэгэн зэрэг зохион явуулсан юм.


Энэхүү санал асуулгын нэгдүгээр шат өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 3-ны хооронд явагдаж дууссаны дараа хоёрдугаар шат эхлэх гэж байгаатай холбогдуулан аймгийн Статистикийн хэлтсийн Хүн ам, барилга, нийгмийн салбар хариуцсан мэргэжилтэн Б.Базаргарьдаас тодруулга авлаа.


-Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат манай аймагт хэдэн хувьтай өндөрлөв?

-Монгол Улсын Засгийн газраас Зөвлөлдөх санал асуулгыг явуулж, эхний үе шат дууслаа. Энэ хэлэлцүүлгийг улс орон даяар хоёр үе шаттай явуулж байгаа. Эхний шатанд улс орон даяар аймаг, дүүрэг бүрээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон хүмүүс оролцсон. Хоёрдугаар шатанд тухайн сонгогдсон хүмүүсээс 50 хувийг нь Улаанбаатар хотод сүүлийн хэлэлцүүлэгт оролцуулна. Манай аймгаас эхний шатны санал асуулгад 40 хүн хамрагдахаас бүгд хамрагдаж 100 хувьтай дууссан. Хоёрдугаар шатны санал асуулгад эдгээр хүмүүсээс 20 нь Улаанбаатар хотод очиж хамрагдана.

Хоёрдугаар шатны хэлэлцүүлэг энэ сарын 11-12-нд Улаанбаатар хотод болох бөгөөд тус аймгаас оролцох хүмүүс энэ сарын 10-нд явна.


-Аймгийн хэмжээнд дөрвөн багийн иргэдээс санал асуулга авсан байна. Эдгээр багийг яаж сонгосон бэ?

-Санамсаргүй түүврийн аргаар Улаангом сумын 3, 9 дүгээр баг, Зүүнхангай сумын Жаргалант баг, Наранбулаг сумын Алдар баг сонгогдсон байна. Судалгаанд оролцсон 40 иргэнийг мөн санамсаргүй аргаар тодруулж, тэдний дунд төрийн албан хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэн, өндөр настан, залуучууд зэрэг олон төрлийн хүн багтсан. 

Related news