УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслөөр АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилж, өнгөрсөн сарын 9-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр эхлэв.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал дуусаагүй. Тиймээс чуулганы өнөөдрийн хуралдаанд гишүүдийн ирц хангалтгүй байх шиг байна. Мөн УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлаар биечлэн санал өгөх боломжийг олгох нь зүйтэй хэмээн үзэж, нэг хоногийн завсарлага хүсэж байна” гэлээ.
УИХ-ын дарга
С.Бямбацогт уг асуудлаар тус бүлэгт нэг хоногийн завсарлага өгч байгаагаа
мэдэгдсэнээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай тус хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн санал
хураалтыг чуулганы ирэх пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов. Хуулийн төсөлд,
-Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
-Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
-Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгаад буй. Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгасан юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2
дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж” гэсний дараа “ёс зүйн хэм
хэмжээг чандлан сахиж” хэмээн нэмж тусгажээ.