ЗАВХАН: Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-13 16:01:12

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 13. /МОНЦАМЭ/. Хаврын хуурайшилт нэмэгдэж буй энэ үед ой, хээрийн түймрийн эрсдэл их байгааг мэргэжлийн байгууллагууд дахин анхааруулж, урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.


Завхан аймгийн Тэс, Асгат, Нөмрөг, Тэлмэн, Яруу, Идэр, Цагаанхайрхан, Завханмандал, Дөрвөлжин зэрэг суманд хаврын улиралд хуурайшилт ихсэж, ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгддэг байна.


Ялангуяа дөрөвдүгээр сараас зургаадугаар сар хүртэлх хугацаанд гал түймрийн аюул нэмэгддэг тул иргэдийг онцгойлон сэрэмжлэхийг анхааруулжээ. Цас багатай, салхитай үед хөрсний хуурайшилт эрчимжиж, гал түймэр гарах нөхцөл бүрддэг. Иймд ой, хээрийн бүсэд ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхи, хэрэглэсэн шүдэнзээ бүрэн унтраах, галын аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.


Завхан аймагт хаврын улирал эхэлснээс хойш цаг агаарын нөхцөл тогтворгүй, салхи шуургатай, хуурайшилт нэмэгдэх хандлагатай байна. Агаарын температур өдөртөө дулаарч байгаа ч шөнөдөө хүйтэн хэвээр, хоногийн температурын хэлбэлзэл их байгаа нь ой, хээрийн болон шар өвсний түймрийн эрсдэлийг нэмэгдүүлж байгааг холбогдох байгууллагууд онцоллоо.


Өнөөдрийн байдлаар аймгийн нийт нутгийн 20 гаруй хувь нь уулаараа цастай байгаа бөгөөд хуурайшилтын зэргийг тогтоох судалгаа, ажиглалтыг үргэлжлүүлэн хийж байна.


Related news