УВС: “Эко солилцоо”-ны орлогыг мод тарих ажилд зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчны газраас хэрэгжүүлж буй “Ногоон сэлгээ” төслийн хүрээнд зохион байгуулсан “Эко солилцоо” үйл ажиллагаанд 250 гаруй иргэн оролцож, өөрт хэрэгцээтэй хувцас, эд зүйлсээ сонгон авсан байна.
Аймгийн ЗДТГ-аас өнгөрсөн намар зохион байгуулсан шинэ санааны уралдаанд аймгийн Байгаль орчны газрын “Ногоон сэлгээ” төсөл шийдлийн шилдэг санаагаар шалгарсан юм. Тус төслийн багийнхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдийн гэртээ хэрэглэхгүй болсон эд зүйлсийг хогийн цэгт хүргэхийн оронд хэрэгтэй хүнд нь хүргэх зорилготой “Эко солилцоо” үйл ажиллагааг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулжээ. Энэ үеэр 70-80 өрхийн 250 гаруй иргэнд 1200 гаруй хувцас, эд зүйлсийг олгожээ.
Энэхүү ажилд 100 гаруй иргэн оролцож, өөрт хэрэглэхгүй байгаа эд зүйлсээ аймгийн Байгаль
орчны газарт авчирч өгсөн байна.

