ЗАВХАН: Буган хөшөө, хүн чулуун дурсгалаараа онцлогтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-17 13:22:32

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймаг нь түүх, соёлын дурсгалт өв, тэр дундаа хүрэл зэвсгийн үеийн буган хөшөө, хүн чулуун дурсгалаараа алдартай.


Тус аймагт Шилүүстэй сумын Дааган дэлийн буган хөшөө (найман буган хөшөө), Яруу сумын Яруугийн голын хүн чулууд, мөн Хөшөөтийн амны хүн чулуу зэрэг нүүдэлчдийн соёл, урлагийг илтгэх үнэт дурсгалууд бий.


Эдгээр хөшөөнүүд нь баатар дайчдын дурсгалыг мөнхжүүлж, нар, сарны дүрслэлээр дамжуулан нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзлийг илэрхийлдэг онцлогтой. Хөшөөтийн амны хүн чулуу нь Алдархаан сумын төвөөс хойш 30 км зайд, Алдар багийн нутаг дахь Хөшөөтийн ам хэмээх газарт байрладаг.


Уг дурсгал нь тахилын онгон бүхий хүн чулуун хөшөө бөгөөд малгай өмссөн, буруу энгэртэй дээлтэй, баруун гартаа хундага барьж, зүүн гартаа сэлэм атгасан, бүснээс хавтага, унжлага зүүсэн байдлаар дүрсэлжээ. Мөн уг хүн чулууны зүүн талд 3.5 метр өндөр хөшөө бүхий тахилын онгон байрладаг байна.


Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 179 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад авах дурсгалын жагсаалтад бүртгэгдсэн тухай Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын түүх, соёлын өв хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэндулам мэдээллээ. 

Хөшөөтийн амны хүн чулуу

Related news