ОРХОН: Хавдрын оношилгоо, эмчилгээний чиглэлээр онол, дадлага хосолсон сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-04-17 21:35:19

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу ХӨСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын эмч нар “Умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгийн оношилгоо, эмчилгээний үндэсний сургалт”-ыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулж байна.


Сургалтад 6 аймгийн 15 эх барих эмэгтэйчүүдийн эмч нар оролцож байна.


Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд зохион байгуулж буй сургалтаар орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга барилын талаар онол, дадлага хослуулан мэдлэг, туршлагаа солилцож байна. Энэхүү сургалт нь эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 


Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв нь элэг цөс, нойр булчирхай, эмэгтэйчүүд, ходоод, бүдүүн гэдэс, хөх, толгой хүзүү, цээжний хөндийн зэрэг хорт хавдрын өвчлөл болон нас баралтаараа улсад тэргүүлж буй чиглэлүүдээр Хойд бүсийн иргэдэд хавдрын оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж байна.


Хойд бүсийн хэмжээнд эмэгтэйчүүдийн хорт хавдрыг эрт илрүүлэх, эрсдэлт бүлгийг тодорхойлох зорилтын хүрээнд маммограммын аппаратыг шинээр суурилуулжээ.


Цаашид хавдрын болон төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар бүрэн хамруулан үзүүлэх зорилт тавьж, үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.



  



Related news