ТӨВ: Нийгмийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Нийгмийн ажилтны эрх зүйн баталгааг хангах зорилготой Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр Төв аймгийн Батсүмбэр суманд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Сүмбэр, Баянцогт, Жаргалант сумын төрийн байгууллагад ажилладаг 34 нийгмийн ажилтан оролцсон байна.
Хэлэлцүүлэгт оролцсон нийгмийн ажилтнууд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгаа, цалин хөлсний нэмэгдэл, мэргэжлийн хамгаалалт, сэтгэл зүйн дэмжлэг болон салбарын мэргэшил зэрэг анхан шатны байгууллагад өдөр тутам тулгамддаг асуудлуудаа хөндөн ярьжээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хэлэлцүүлгийг өрнүүлж, гарсан санал, хүсэлтийг хуулийн төсөлд тусган ажиллахад анхаарахаа илэрхийллээ. Ингэснээр нийгмийн ажлын үйлчилгээний эрх зүйн орчин тодорхой болох юм.
Чадваржуулах нийгмийн ажлын үйлчилгээг нэвтрүүлснээр ядуу болон эмзэг бүлгийн иргэдэд хүрэх дэмжлэг, туслалцааны үр нөлөө нэмэгдэж, ядуурал болон хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ илүү оновчтой болохыг онцолжээ.
Түүнчлэн сургууль, эмнэлэг, баг, хороо, дүүргийн түвшинд ажиллаж буй нийгмийн ажилтнуудын салбар хоорондын уялдаа холбоо сайжирч, хөдөлмөрийн зах зээлд оролцох боломжгүй иргэдийн чадавх нэмэгдэн, хөдөлмөр эрхлэлтэд эерэг өөрчлөлт гарах боломж бүрдэхийг зохион байгуулагчид онцолж байна.