ТӨВ: Хүүхдийн нүдний тусламж үйлчилгээний төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-25 14:22:04

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймагт 2026-2028 онд “Хүүхдийн нүдний тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх нь” төсөл хэрэгжихээр боллоо.


Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон “Орбис” олон улсын байгууллагаас Төв, Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус төслийг хэрэгжүүлнэ.


Төслийн хүрээнд дутуу нярайн торлогийн эмгэгийг илрүүлэх, менежментийн чиглэлээр аймгийн нүдний болон нярайн эмч нарыг чадавхжуулах бөгөөд нүдний угийн рефлексийн шинжилгээг нярай, өрх болон сумын эмч нар бие даан хийх чадамжтай болох юм.


Түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, эргэх холбоо болон хяналтын тогтолцоог бэхжүүлнэ. Төсөл хэрэгжсэнээр хүүхдийн нүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж орон нутагт нэмэгдэж, эрт илрүүлэг, оношилгоо сайжрахын зэрэгцээ мэргэжлийн чадавх бэхжих бодит үр дүн гарах юм.


Хүүхдийн хараа хамгаалал, нүдний эрүүл мэндийг дэмжих нь эрүүл ирээдүйн үндэс бөгөөд эрт илрүүлэг, хүртээмжтэй тусламж, үйлчилгээ онцгой чухал үүрэгтэй.


ЭХЭМҮТ нь “Орбис” олон улсын байгууллагатай 2014-2026 оны хооронд хамтран ажиллахдаа нийт дөрвөн төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү төсөл нь хамтын ажиллагааны тав дахь төсөл болж байна.

 

Related news