Германы Социал Демократ Намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /СДМЭХ/-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социал Демократ Намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн холбооны дарга Кармэн Вэггэтэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд тус тусын холбооны үйл ажиллагааны чиглэл, бодлого, зорилгуудыг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны өргөн боломжийн талаар санал солилцсон байна. Түүнчлэн дэлхий дахинд эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй нийтлэг сорилтуудын талаар дэлгэрэнгүй санал солилцож, тэр дундаа эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, боловсролыг түгээн дэлгэрүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллах тухай ярилцав.
Талууд хамтын ажиллагааны суурь болох санамж бичгийг ойрын хугацаанд байгуулж, харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн өргөжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдсэн байна.
Германы Социал Демократ Намын Эмэгтэйчүүдийн холбоог
1972 онд үүсгэн байгуулсан бөгөөд 150 мянган орчим гишүүнтэй, Холбооны даргаар
Бундестагийн гишүүд болох Кармэн Вэггэ, Ульрикэ Хэфнер нар хамтын удирдлага
хэрэгжүүлж байгаа аж.