Сурагчид ангийн даргаа сонгох "сонгууль" зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын 111 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид Сонгуулийн ерөнхий хороонд зочилж, ангийн даргаа сонгох “сонгууль” зохион байгууллаа.
Тус сургуулийн нийгмийн ухааны багш П.Сарангэрэл сонгуулийн
тогтолцоо, сонгох сонгогдох эрхийн талаар заасан хичээлээ дадлагаар
баталгаажуулах, залуу сонгогчдод зориулсан сонгуулийн боловсрол олгох сургалтад
оролцох хүсэлтэй байгаагаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн юм.
Сурагчид гурван багт хуваагдаж, ангийн даргад нэр
дэвшүүлснээр “сонгууль” эхэллээ. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, багийнхан нь
багийнхаа бодлого, зорилтоо танилцуулан сонгогчдын асуултад хариулсны дараа
сурталчилгаа дуусаж, санал хураалт эхэллээ.
Сургалтын саналын хуудаст сурагчид саналаа тэмдэглэж, санал
тоолох төхөөрөмжид уншуулав. Санал хураалтын дүн гарсны дараа баг бүрийн
төлөөллийг ажиглагчаар оролцуулан хяналтын тооллого хийснээр “сонгууль” дууссан
юм. Санал тоолох төхөөрөмжийн дүн, хяналтын тооллогын дүн зөрүүгүй байгааг
ажиглагчид хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэв.
Сурагчдын “сонгууль”-ийн өмнө Сонгуулийн Ерөнхий Хорооны
Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн ахлах референт Т.Гүенбаатар, референт
Б.Болор-Эрдэнэ нар сонгох сонгогдох эрх, сонгуулийн зохион байгуулалтын
сургалт, мэдээлэл хийсэн юм. Мөн Мэдээллийн технологийн төвийн мэргэжилтэн
Э.Мөнх-Од сонгуулийн автоматжуулсан систем, санал тоолох төхөөрөмжийг
танилцуулж туршууллаа.
Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын мэргэжилтэн И.Энхмаа сурагчдыг хүлээн “Сонгуулийн хөтөч”-өөр ажиллан байгууллагынхаа чиг үүрэг, үйл ажиллагааг танилцууллаа.
