Сонгуулийн хороод, Мэдээллийн технологийн багтай цахимаар хуралдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны 4 дүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно.
Үүнтэй холбоотой СЕХ-ноос нөхөн сонгууль товлон зарласан
аймаг, сумдын Сонгуулийн хороо, Мэдээллийн технологийн багтай өнөөдөр цахимаар
хуралдлаа.
Цахим хуралд СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Тамгын
газрын газар, хэлтэс, Мэдээллийн технологийн газрын холбогдох албан хаагчид
оролцон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн зохион
байгуулалтын талаар мэдээлэл солилцож, арга зүйн зөвлөмж өгсөн юм.
Сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх, сонгуулийн мэдээллийн
цахим систем (https://e-election.mn/) ашиглах болон сонгогчдын идэвх оролцоог
нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр арга зүйн зөвлөмж өгч, сонгуулийн хорооны гишүүдийн
асуултад хариуллаа.
Сонгуулийн ерөнхий хороо сонгууль зохион байгуулахад байнгын
бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдад
томилолт, цахимаар сургалт, мэдээлэл хийдэг. Энэ жил сонгуулийн хорооны
ажилтнуудаас гадна улс төрийн намын анхан болон дунд шатны байгууллагуудад
мэдээлэл, сургалт хийнэ.
Аймгийн сонгуулийн хороодод сонгууль зохион байгуулах, улс
төрийн намуудад Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр
нөхөн сонгууль товлон зарласан 16 аймагт мэдээлэл, сургалт хийх баг энэ сарын
27-ны өдрөөс аймгуудад ажиллах юм. Харин сумын сонгуулийн хороодод зориулсан
орон нутаг дахь сургалт тавдугаар сарын 3-наас эхэлнэ.