БАЯНХОНГОР: Их богд хайрхан уулын тахилга 6 дугаар сард болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Төрийн тахилгат Их богд хайрхан уулыг тайх ёслолыг зургаадугаар сарын 3-нд зохион байгуулахаар товлолоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "Баянхонгор аймгийн ИТХ-ын шийдвэр, хүсэлтийг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт орших Их богд хайрхан уулыг төрийн тахилгатай болгосугай" хэмээн зарлигдсан байдаг. Төрийн тахилгатай уул хайрхныг таван жилд нэг удаа тахидаг журмаар Их богд хайрханы тахилгыг хоёр дахь удаагаа энэ онд ийнхүү үйлдэхээр болсон юм.
Монголын ард түмэн уул овооны тайлга тахилгын ёслолын өнө эртний түүх уламжлалтай. Эрт цагаас монголчууд уул овоог орон нутгийн хэмжээнд шүтэж тахиж байснаас гадна түүхийн сурвалжид тэмдэглэснээр XIII зууны үед Чингис хаан Бурхан Халдун уулыг тахиж шүтэж байхыг зарлигдаж байжээ.
Тайлга тахилгын ёслол нь эх болсон байгаль дэлхийгээ хүмүүнчлэн үзэж хайрлан хамгаалах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх, ард иргэдийнхээ эх оронч, үндэсний үзлийг сэргээн бадраах утга санаа бүхий өндөр ач холбогдолтой зан үйл юм.
Их богд хайрхан нь Говь-Алтай нурууны баруун хойд зүгээс зүүн урд зүгийг чиглэн 70 км урттайгаар үргэлжлэн тогтсон нуруу бөгөөд ноён оргил, далайн түвшнээс дээш 3957 м өндөр бөгөөд салбар Бага Богд уул, Жаранбогд уул, Дулаан Богд уул зэрэг сүрлэг сайхан уулс, 140 хавтгай дөрвөлжин км талбайтай.