ХӨВСГӨЛ: ШУТИС-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг орон нутгийн хөгжил, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, шинжлэх ухаан, технологид суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд боловсрол, сургалт, судалгаа шинжилгээ, инновац, хиймэл оюун (AI), менежментийн чиглэлээр хамтран ажиллах юм.
Тодруулбал, ерөнхий болон мэргэжлийн боловсролын байгууллагуудтай хамтран сурагч, оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг зохион байгуулах, орон нутгийн хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор сургалт, семинаруудыг танхимын болон цахим хэлбэрээр шат дараатай хэрэгжүүлнэ.
Мөн орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чиглэсэн судалгаа шинжилгээ хийх, инновац, гарааны бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бодлогын баримт бичиг боловсруулахад хамтран ажиллахаар тусгалаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь орон нутгийн хөгжлийг шинжлэх ухаан, инновацад
тулгуурлан шинэ шатанд гаргах, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад
бодит хувь нэмэр оруулна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх ярилаа.