БУЛГАН: Олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн театрын наадам өндөрлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. “Wanderlust Mongolia festival” буюу Олон улсын нүүдлийн театрын наадам Булган аймгийн 16 сум, 1 тосгонд хүрч ажиллан, дэлхийн театрын шилдэг бүтээлүүдийг орон нутгийн иргэд, хүүхэд багачуудын хүртээл болгож амжилттай өндөрлөлөө.
“Дэлхийн театрыг дэргэдээс нь” уриан дор зохион байгуулсан тус наадамд 9 орны 80 гаруй уран бүтээлч оролцож, 14 хоногийн турш Монгол, Румын, Франц, Дани, Непал, Итали, Швейцар, Индонез зэрэг улсын хүүхдийн театрын бүтээлүүдийг хөдөөгийн сумдаар аялан толилуулсан байна.
Тухайлбал, Румын улсын “Дүрсүүд”, Швейцар улсын “Цикалос танго”, Франц улсын “Шифонад”, Монгол Улсын Дундговь аймгийн “Тангарагт хамгаалагчид” зэрэг тайзны бүтээлүүдийг хүүхэд, залуус шимтэн үзэж, соёл урлагийн өдрүүдийг хамтдаа өнгөрөөлөө.
Наадмын хүрээнд нүүдлийн театрын урлагийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, соёл урлагийн боловсрол олгох, хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Мөн гадаад, дотоодын уран бүтээлчид хамтран оролцож, сум бүрийн онцлогт нийцсэн тайзны уран бүтээл, үзүүлбэрүүдийг толилуулснаар соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр орууллаа. Ийнхүү “Wanderlust Mongolia Festival” нь соёл, урлагийг алслагдсан бүс нутагт хүртээмжтэй хүргэх, хүүхэд, залуусын гоо зүйн боловсролыг дэмжих зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн, ач холбогдол бүхий үйл ажиллагаа болж өндөрлөв.
Олон улсын нүүдлийн театрын уран бүтээлчид гурван багт хуваагдан Булган аймгийн бүх сум, баг болон малчны хотонд хүрч тоглолтоо толилуулсан бөгөөд айл бүрийн угталт, үдэлт, иргэдийн өдөр тутмын ахуй амьдралын онцлог, монгол зан заншил, өв соёл, байгалийн сайхныг биширч, сэтгэл хангалуун буцсан байна.










