ДАРХАН-УУЛ: Цонхоор унах эрсдэлд орсон гурван хүүхдийг аварчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны дөрөвдүгээр
сарын 28 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо
хоногт албан ажлаар Дархан сумын 5 дугаар багийн нутагт явж байсан ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн салааны захирагч,
дэслэгч Н.Цогбаяр гурван хүүхдийг амийг аварсан байна.
Хэсэг хүмүүс шуугилдаж, болохгүй, цаашаа гэх чимээнээр дөхөж очиход дугаар байрны гурван давхрын цонхыг бага насны гурван хүүхэд онгойлгон зэрэгцэж зогссон, хөдөлгөөн хийвэл халтирч унах эрсдэлтэй байжээ.
Дэслэгч Н.Цогбаяр нөхцөл байдалд дүгнэлт хийж хараад зогсох бус аюулгүй болгохын тулд нэгдүгээр давхрын үйлчилгээний байгууллагын дээвэр, доод тагтаар дамжин дээш авирч хүүхдүүдийг аварсан байна.
Гэрт ороход цонх онгойлгож зогссон гурваас гадна дахин нэг бага насны хүүхэд байсан бөгөөд цагдаагийн байгууллагад дуудлага өгч, цонх онгойлгох бариулыг тайлж аван нээх боломжгүй болгожээ.

Гурван хүүхдийн амийг аварсан дэслэгч Н.Цогбаярт аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн (ГЭБОНЗ) дарга А.Янжмаа талархал илэрхийллээ. Тэрбээр “Эрсдэлт нөхцөлд мэргэжлийн өндөр ур чадварыг үзүүлж, цаг алдалгүй шуурхай ажиллан баатарлаг үйлс бүтээсэн нь энэ цаг үеийн бахархалт үйлсийн тод жишээ болж байна” хэмээн онцолсон байна.
Мөн ахуйн орчин дахь хүүхдийн аюулгүй байдал хангалтгүй байгааг онцлон, бага насны хүүхэдтэй айл өрхүүдийг цонхондоо зориулалтын хамгаалалтын хаалт хийж, аюулгүй байдлаа сайжруулахыг уриаллаа.