“Тараг” хөтөлбөр үр дүнгээ өгч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-16 10:28:22

“Дэлхийн зөн Дундговь” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр аймгийн Эрүүл мэндийн газар жингийн алдагдал, хоол тэжээлийн дутагдалтай 6- 24 сартай хүүхдүүдэд өдөр бүр нэг аяга тараг өгөх хөтөлбөрийг эхлүүлээд бүтэн сарын хугацаа өнгөрч байгаа юм.Энэ хугацаанд хүүхдүүдийн жин 100- 400 граммаар өссөн үр дүнтэй байгааг ЭМГ- ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Д. Нямтогтох хэллээ.  

Амьжиргааны түвшин доогуур өрхийн бага насны хүүхдийн хоол тэжээлийг сайжруулж, жингийн алдагдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Тараг” хөтөлбөрт хоол тэжээлийн дутагдалтай 20 хүүхдүүдийг өрхийн эмчийн судалгаагаар авч хамруулсан байна. Хөтөлбөр 8 сарын турш хэрэгжинэ. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд хүүхдүүдэд өдөр тутам 200 грамм тараг өгөх юм. Мөн долоо хоногт нэг удаа хүүхдийн хоол тэжээл, асаргаа сувилгааны талаар  эцэг эхчүүдэд зөвлөмж өгч байгаа ажээ.

Хүнсний чанар аюулгүй байдлыг харгалзан Улаанбаатар хотын “Сүү” ХХК- ийн үйлдвэрлэдэг элгэн таргийг хүүхдүүдэд уулгадаг байна.

Т. Отгонтуяа          

 

Related news