Эрдэнэдалай, Дэрэн суманд хорио цээрийн дэглэм тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-19 15:38:52

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6- р багийн Бөгтөрийн ус, Дэрэн сумын 2- р багийн Хужирт хэмээх газарт хонины цэцэг өвчний голомт үүссэн тул өчигдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Эрдэнэдалай сумын нутагт тогтоосон хорио цээрийн дэглэмийн бүсэд 7 өрхийн 2460 гаруй мал, Дэрэн сумын хувьд өөрийн харъяа нэг, Дэлгэрцогт сумаас оторлож яваа нэг малчин өрхийн нийт 1700 гаруй мал хамаарч байна.

Эрдэнэдалай сумын онцгой комисс өнөөдөр голомтын бүсэд ажиллаж байгаа бөгөөд өвчилсөн нэг малыг устгаж, бусдад нь үзлэг хийж байгаа бол Дэрэн сумын хувьд өвчний шинж тэмдэг илэрсэн 80 гаруй хонийг тусгаарлан, малын хөл хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж эхэлсэн гэж сумын Засаг дарга Н. Мядагмаа хэллээ. Хорио цээрийн дэглэм 21 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Т. Отгонтуяа

Related news