Ченжийн худалдан авсан хонины нэхийнээс цэцэг өвчний үүсгэгч илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-19 18:38:46

Түүхий эдийн ченжийн худалдан авсан хонины нэхийнээс малын гоц халдварт цэцэг өвчний нян илэрсэн байна. Энэ тухайд аймгийн ХХАА- н  газрын мал эмнэлэгийн хэлтсийн дарга Ц. Гэрэл, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г. Батгэрэл нараас тодруулахад, өвчний нян илэрсэн нэхийг устгаж, Улаанбаатар хот руу ачуулах гэж байсан таван мянга гаруй нэхийнд өчигдөр ариутгал халдваргүйтгэл хийсэн гэдгийг хэллээ.

Хонины цэцэг өвчний голомт үүссэн Баянжаргалан сумын  нутаг дэвсгэрээс мал худалдан авсан ченж малаа нядалж махыг нь Улаанбаатар хот руу ачин, арьс нэхийг нь аймгийн төвд авчирч худалдсан байна. Баянжаргалан суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан тус сумаас авчирсан арьс нэхийг худалдан авсан ченжийн түүхий эдэд ийнхүү хяналт хийжээ. Сэжигтэй нэг нэхийнээс дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборторит өнгөрөгч лхагва гаригт явуулж шинжлүүлэхэд хонины цэцэг өвчний үүсгэгч байсан нь илэрсэн бөгөөд уг нэхийг устгаж хамтад нь агуулж байсан бүх арьс түүхий эдийг Улаанбаатар хот руу ачихаас өмнө ийнхүү ариутгасан байна.

Цэцэг өвчний үүсгэгч бусад вирусыг бодвол гадаад орчин, малын бие махбодь, түүхий эдэд удаан хугацаагаар идэвхээ хадгалдаг байна. Тухайлбал, малын үс ноосонд 2 сар хүртэл, гадаад орчинд 2-6 сарын турш амь бөхтэй оршдог ажээ.

Т. Отгонтуяа         

 

 

Related news