Ахмад удирдах ажилтнууд төрийн бус байгууллагад нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-19 20:47:28

Дундговь аймгийг удирдаж байсан,  захиргаа, ЗДТГ, албан байгууллага болон сумдад удирдах албан тушаал хашиж явсан үе үеийн ахмадууд нэгдэн “Элгэмсэг дотно Дундговь” Төрийн бус байгууллага байгуулав. Энэ бол гишүүнчлэлтэй, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байна гэж үүсгэн санаачлагчдын нэг 1992- 1996 оны УИХ- ын гишүүн асан С. Батмөнх тодотгон хэллээ.

Нутаг орондоо удирдах алба хашин олон жил хөдөлмөрлөж, сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ Дундговь нутгийнхаа хөгжилд зориулан, үнэтэй хувь нэмэр оруулж явсан ахмадууд бие биедээ сураг ажигтай, түшиг тулгууртай, сэтгэлийн дэмтэй явах үүднээс гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага байгуулах санаачлага гаргасан нь энэ ажээ. Энэ агуулгаар ч төрийн бус байгууллагаа “Элгэмсэг дотно Дундговь” хэмээн нэрлэсэн байна.

Ахмадууд нийслэл хотноо төрийн бус байгууллагынхаа анхны уулзалтыг хийсэн юм. Уулзалтад аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ, Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц. Сүхбаатар, Дундговь аймгийн Ахмадын хорооны дарга Г. Цэрэндорж нар, мөн Дундговь аймгийг удирдан ажиллаж байсан Б. Дамдинсүрэн, З. Жанжаадорж, Ж. Адъяа, Ж. Хүүхэнбаатар,Ш. Төрбат, Засаг даргын орлогчоор ажиллаж байсан До. Адъяа, М. Моёор,  МУСГЗ сэтгүүлч До.Цэнджав, сэтгүүлч П. Ядамдорж нарын 50 гаруй ахмад хүрэлцэн иржээ.

Төрийн бус байгууллагын тэргүүнээр Дундговь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар 1981-1990 онд ажиллаж байсан Б.Дамдинсүрэн сонгогдож, ТУЗ-ийн гишүүнээр  С.Чогсом, Д.Отгонбаатар, Л.Шагдаррагчаа, С.Батмөнх, Г.Энхтүвшин, Г.Цэрэндорж, Л.Цэвээнравдан нарыг сонгосон байна.

Т. Отгонтуяа         

 

Related news