Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн төслийг буцаах санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-26 10:43:29

УИХ-ын чуулганы хуралдаан 10.20 цагт 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд чуулганы Пүрэв, Баасан гарагийн хуралдаанаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх болон гишүүдээс Ерөнхий сайдад хүргүүлсэн хоёр асуулгын хариуг сонсохоор төлөвлөснийг танилцуулав.

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн Арбитрын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах саналтай байгаагаа хэлсэн. Тэрбээр, Уг Уг хуульд Монгол Улсын эрх ашигт сөргөөр нөлөөлөх заалт орсон тул Ерөнхийлөгчид санал хүргүүлсэн” гэлээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Энэ хуульд Монгол Улсын эрх ашигт сөргөөр нөлөөлөх заалт ороогүй” хэмээн тайлбарласан.

Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өвөлжилт хүндэрч байгаа тул Засгийн газарт дэмжлэг үзүүлэх чиглэл өгөх хэрэгтэй гэдгийг хэлсэн. УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газар эхлээд энэ асуудлаа хэлэлцэх хэрэгтэй хэмээв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцаах санал гаргасан. Тэрбээр, Уг хуульд ИТХ-ын төлөөлөгч төрийн алба хашиж болно гэж заасан нь орон нутагт ч “давхар дээл”-тэй болох далд санаа агуулж байна” гэлээ. УИХ-ын даргын зүгээс уг хуулийн төслийг хэлэлцэх үед таны саналаар санал хураалт явуулна” гэв.

Үг хэлэх, асуулт асуух гишүүн байсангүй. Ийнхүү чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Ч.Ариунболд

Related news