Дотоодын цэрэг хамгаалалтын үйл явц хариуцна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-09 11:38:20

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөлд Дотоодын цэргийг сэргээн байгуулах асуудлыг тусгасан. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Болд, “Чуулганы өнөөдрийн хуралдааны хуваарьт Дотоодын цэргийн тухай хууль ороогүй байсан. Дотоодын цэрэг байгуулах асуудал дээр УИХ нэлээд нухацтай хандах хэрэгтэй. Дотоодын цэрэг гамшгийн үед ажиллана гэж хуульчилсан байна Онцгой байдлын байгууллага гэж байгаа шүү дээ" гэсэн асуудлыг хөндсөн. Үүнд нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Дотоодын цэрэг 1922 онд байгуулагдаж, монгол төрийн төлөө ажиллаж байсныг 2014 онд татан буулгасан. Татан буулгасан нь буруу боллоо гээд Д.Дорлигжавын үед хууль өргөн барьж байсан. Үүнийг нь одоогийн Хууль зүйн яамныхан дахин өргөн бариад хэлэлцээд явж байна. Дотоодын цэрэг хамгаалалтын үйл явц хариуцна. Гамшиг гарсан үед буюу цагдаа хүчрэхгүй болсон үед дотоодын цэрэг дэмжлэг үзүүлж ажиллах юм” гэсэн хариу тайлбар хийв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Дотоодын цэргийг цагдаагийн дэргэд байгуулах нь буруу. Хууль зүйн яамны харьяанд байгуулах хэрэгтэй. Цолны хувьд авч үзэхээр дотоодын цэргийн цолоо зүүх үү, цагдаагийн цол оо зүүх үү. Түүнчлэн чиг үүргийн хувьд давхардал үүсэх юм биш үү. Иргэддээ үйлчилдэг байгууллагыг цэрэгжүүлж байгаа нь буруу. Үймээн самуун үүссэн тохиолдолд цагдаа хариуцлага үүрэх үү” гэсэн бол  гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт асуусаны дараа байнгын хорооны түвшинд гарсан 38 зарчмын зөрүүтэй санал тус бүр дээр санал хураалт явуулав.

Ингээд хуулийг бүхэлд дэмжих эсэх дээр санал хураалт явуулахад олонх дэмжлээ.

Б.Туул

Related news