Хэнтий хан уулын 2361 метр дэх өндөрлөгийг Бурхан халдун уул хэмээн нэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-09 13:22:08

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан. Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэснээр

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн.

Гэтэл нэр дэвшүүлэх материал боловсруулах бэлтгэл ажлын явцад Бурхан Халдун уулын нэр нь Монголын газрын зурагт тэмдэглэгдээгүй байжээ.

Иймд Монгол Улс энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон учир Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтий Хаан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн юм.

Энэхүү газар нутгийн хадгалалт, хамгаалалтын асуудлыг шинээр хамгаалалтын захиргаа байгуулахгүйгээр Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулан Дэлхийн өвийн газрын менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулан нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж.

Энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт  415012 га талбайг эзлэн оршдог.

Түүнчлэн Засгийн газрын 2013 оны 364 дүгээр тогтоолоор Монгол төрийн тахилгат болон Монгол Улсын бүх цэргийн хар сүлдний тахилгат Бурхан Халдун хайрханыг Монголын ард түмний сүлд, хийморийн бэлэгдэл болгон “Үндэсний бахархалт хайрхан”-аар өргөмжилсөн. Эх сурвалжаас иш татвал, Бурхан Халдун уулыг 12 дугаар зууны үед Монголын эртний хууль цаазын бичиг болох “Халх журам”-д дархан цаазтай болгосон байдаг.

Хэлэлцүүлгийн шатанд олонх дэмжсэн тул хуулийн төсөл батлагдлаа. Мөн үеэр УИХ-ын дарга М.Энхболд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, УИХ-ын  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ойрын хугацаанд тус хуулийн талаар олон нийтэд зөв зүйтэй мэдээлэл өгөх нь зүйтэй гэсэн үүрэг өгөв. 

Б.Туул

 

Related news