Үндэсний их баяр наадмын тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-02-09 19:16:11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлав.

Хуулийн төсөлд улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач цол олгохоор тусгасан байна. Мөн нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор тусгасан хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав. Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний сур харвааг сонирхогч, түгээн дэлгэрүүлэгч нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа аж.

Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдийн зүгээс анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасан байна. Уг саналыг чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, батлав.

Ч.Ариунболд

Related news