Залуучуудын тухай анхны хуулийг УИХ батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-09 20:35:59

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Орон нутагт 40-өөс дээш насныхан зонхилон амьдарч байна. Залуучууд, үүн дотроо охид эмэгтэйчүүдийн тоо цөөрч, хүйсийн харьцаа алдагдаж байна. Залуучуудын тохь тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан залуус хар тамхинд ихээр орж байгаа асуудлыг анхаарах хэрэгтэй гэлээ.

Дээрх асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, "Хүйсийн тэгш байдлыг хангах үүднээс материаллаг байдал талаасаа гэхээс илүү эрчүүдийг сургах тал дээр анхаарах цаг нь болсон юм билээ. Хар тамхитай холбоотой гэмт хэрэг ихээр гарч байна. Хууль гарснаар Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг батална. Энэ хүрээнд хууль хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлага үүснэ. Ер нь хуулийн төсөлд хар тамхитай холбоотой гурван зүйл заалт туссан" хэмээн хариулсан.  

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, "Хуулийн төсөл тунхаглалын шинжтэй байгаа тул дараагийн хэлэлцүүлгээр боловсруулалтад анхаарах хэрэгтэй" гэв. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, "Хуулийн төсөл нь тунхаглалын чанартай байгаа юм биш үү гэж байна. Энэ хууль нь анх удаа монголын залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг бодлогын түвшинд авчирсан баримт бичиг болж байгаагаараа онцлог. Хуулийг боловсруулах явцад нийт 16 мянган залуусын санаа бодлыг сонссон юм" гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх дээр санал хураалт явуулахад олонх дэмжив.

Б.Туул

Related news