“Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн өмчид авах тогтоолыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-10 12:31:49

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компани дахь “Монгол зэс” корпорацийн эзэмшлийн 49 хувийг төрийн өмчид авах тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив.

Засгийн газар дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг “Монгол зэс”-д худалдсан нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж, хэд хэдэн хууль зөрчсөн хэмээн Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг үзжээ. Тухайлбал, Үндсэн хуульд "УИХ олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ" гэж заасан байна. Мөн Компанийн тухай хуулийн “Төрийн өмчит компанийн өмчлөгч нь төрийг төлөөлж УИХ байна” гэжээ. Гэвч дээрх компаниудын 49 хувийг худалдахдаа УИХ-аар хэлцүүлээгүй тул хууль тогтоох дээд байгууллагын онцгой бүрэн эрхийг зөрчсөн байна.

Түүнчлэн Засгийн газар дээрх компаниудын 49 хувийг худалдахдаа эхлээд ОХУ-тай зөвшилцөх ёстой байсан. Өөрөөр хэлбэл Монгол, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрт “Хэлэлцэн тохирогч талуудын аль нэг нь өөрийн өмчийн хөрөнгөө зохих журмын дагуу нөгөө талтай зөвшилцсөнөөр бусад хуулийн этгээдэд худалдаж болно. Энэ тохиолдолд хэлэлцэн тохирогч нөгөө тал нь худалдан авах давуу эрхтэй байна” хэмээн заасныг зөрчсөн хэмээн Ш.Раднаасэд гишүүн танилцуулав.

Тэрбээр, “Дээрх үйлдвэрүүдийг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрт шалгалт хийсэн. “Монгол зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан. Уг хөрөнгийг босгохдоо нэр бүхий дөрвөн компаниас зээл авсан байна.Тухайлбал, "Ривер стоун" компаниас 70 сая ам.доллар, "Юнайтед Энержи Систем” компаниас 70 сая ам.доллар, Худалдаа хөгжлийн банк (ХХБ)-наас 70 сая ам.доллар зээлсэн байна. Мөн өөрөө 112 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргасан. “Монгол зэс”-ийн зээл авсан дээрх компаниуд Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан байдаг. Зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Өмнөговь аймагт ирээдүйд барих цахилгаан станц, бүр огт байхгүй компани, барилга зэргийг барьцаалсан. Худалдаа хөгжлийн банк 745 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө, 50 тэрбум төгрөгийн дүрмийн сантай юм. Хуулийн дагуу бол банкны нэг зээлдэгчид олгох зээл өөрийн үндсэн хөрөнгө 20 хувиас хэтрэхгүй байх ёстой. Дээр дурьдсан зээлийг нийлүүлэн тооцвол “Монгол зэс”-д 900.2 тэрбум төгрөг олгосон байна” гэлээ.

Хууль зүйн байнгын хорооноос “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгох тогтоолын төсөл боловсруулжээ.Төрийн өмчид авахдаа Монголбанкнаас ХХБ-нд зээлсэн 200 тэрбум төгрөг, 71 сая ам.доллар болон бондын хөрөнгөөр хэлцэл хийх аж. Мөн тогтоолын төсөлд үйлдвэрүүдийг хууль бусаар худалдан борлуулсан Монголбанк, Засгийн газар, ХХБ-ны холбогдох хүмүүст хариуцлага хүлээлгэхийг үүрэг болгов.

Уг асуудалтай холбогдуулан “Монгол зэс” корпораци Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцож байр сууриа илэрхийлэх хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлсэн. УИХ-ын дарга уг хүсэлтийг хүлээн авснаар өнөөдөр байнгын хорооны хуралдаанд ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монгол Зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, “Эрдэнэт үйлвэр”-ийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд нар оролцов.

“Эрдэнэт үйлвэр”-ийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд, “Тогтоолын төсөл дотор Үндсэн хуулийн 25.1.15 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн байна. Энэ зүйл нь “УИХ нь Засгийн газрын өргөн мэдүүлснээр олон улсын гэрээ, хэлэлцээрийг батлах, тогтоох, цуцлах” гэж заасан байна. Энэ төслийг Засгийн газар өргөн мэдүүлээгүй. Засгийн газар өөрөө улс хоорондын гэрээг байгуулах, цуцлах эрхтэй гэсэн заалт Үндсэн хуульд бий. Тэгэхээр холбогдох хууль зөрчөөгүй” гэлээ.

ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Засгийн газар бидэнд зөвшөөрөл өгсний дагуу гэрээ хийж, худалдан авсан. Манай банк 2020 он хүртэл хугацаатай 1.1 их наяд төгрөгийн Засгийн газрын бонд эзэмшиж байна. Мөн Монгол банкнаас 615 сая ам.долларын своп зээлийн авлагатай явж байгаа. Төрөөс хууль бусаар мөнгө авсан асуудал байхгүй” гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Зарим хүмүүс энэ асуудлыг шүүх шийдэх ёстой гэж ярьж байна. УИХ төрийн өмчийн бүх асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Бид Монгол Улсын гурван сая иргэний төлөөлөл. Тиймээс улс төржихгүйгээр шийдвэрлэнэ” гэв.

Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ соёрхон баталсан. Тиймээс цуцлах асуудал ч УИХ-ын мэдэлд бий гэдгийг Ц.Даваасүрэн гишүүн хэлээд, “Бид хувийн өмчид халдсан гэхээсээ илүү Засгийн газрын хууль зөрчсөн шийдвэрийг л залруулж байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийг ард түмний мэдэлд өгөх болно” хэмээсэн.

Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “Энэ хүмүүс Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт гээд нийгмийн баялагийг хумсалж байна. Тийм боломжийг олгосон хүмүүсийг тогтоож, хариуцлага тооцох ёстой” гэсэн бол Д.Тэрбишдагва, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь Монголын талд ирснийг эсэргүүцэх гишүүн байхгүй. Гол нь түүнийг хувийн өмчид шилжүүлэхдээ хийсэн хууль бус алхамууд л маргаан дагуулж байгаа. Тиймээс энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх нь зөв” гэсэн санал хэлэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь дэмжиж, чуулганы хуралдаанд танилцуулах болов.

Ч.Ариунболд

Related news