Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийг оролцохыг санал болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-10 16:32:53

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компани дахь “Монгол зэс” корпорацийн эзэмшлийн 49 хувийг төрийн өмчид авах асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Энэ асуудлыг хэлэлцэхэд Ерөнхийлөгч байлцах ёстой. Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд тааллаараа оролцдог. Гэхдээ тухайн үед алба хашиж байсан хүмүүсээс өнөөдөр Ерөнхийлөгч л ажиллаж байна. Тиймээс Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлэх хэрэгтэй” гэсэн саналтай байгаагаа хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “ОХУ-ын “Ростех” компаниас Ерөнхий сайдад захидал ирүүлсэн гэж Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр ярьсан. Энэ захидлыг гишүүдэд тарааж танилцуулах хэрэгтэй" гэсэн саналаа хэлэхэд УИХ-ын дарга М.Энхболд, “Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд тааллаараа оролцдог. УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийг хуралдаанд суухыг урьсан горимын санал гаргалаа гэж ажлын албанд нь дуулгачих. ОХУ-ын “Ростех” компаниас Ерөнхий сайдад ирүүлсэн захидал нь нууцын зэрэглэлд хамаарахгүй бол гишүүдэд тараахад болохгүй гэх зүйлгүй” гэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул

Related news