В.Путин "хошууч Вихрь"-т 100 насны ойн баярын мэндчилгээ илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-02-10 17:18:04

МОСКВА. /ТАСС/. Зөвлөлтийн домогт тагнуулч, ОХУ-ын баатар Алексей Ботянд Ерөнхийлөгч Владимир Путин төрсөн өдрийн мэндчилгээ илгээж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ.   

Өдгөө 100 нас хүрч буй Алексей Николаевич Ботян 1917 оны 2 дугаар сарын 10-ны өдөр одоогийн Беларусь улсын Минскийн бүс нутагт орших Чертовичи тосгонд тариачны гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр 1939 онд ЗХУ-ын иргэн болсон бөгөөд Яхромагийн орчимд Герман цэргүүд рүү довтолж, Москваг хамгаалж явсан ахмад дайчдын нэг юм.

Алексей Ботян 1942 онд хорлон сүйтгэх ажиллагаа болон партизаны тэмцлийн арга барилд суралцжээ. 1943 онд тэрбээр “төмөр замын дайн” буюу дайсны харилцаа холбооны шугамыг таслах ажиллагаанд оролцож байв.

1945 оны өвөл Польшийн Краков хотыг чөлөөлөх ажиллагаанд оролцсон нь түүний хамгийн том гавъяануудын нэг аж. Тухайн үед Краков хотын хөшөө дурсгалууд, Рожновын далан болон Дунаец голын гүүрнүүдийг дэлбэлэхээр байрлуулсан тэсрэх бөмбөгийг Ягелоны цайзаас Зөвлөлтийн тагнуулууд олж устгасан юм. Энэ үйл явдлаар зохиомжлон 1967 онд Зөвлөлтийн нэрт зохиолч Юлиан Семенов “Хошууч Вихрь” гэдэг роман бичсэн бөгөөд найруулагч Евгений Ташков уг зохиолоор уран сайхны кино хийсэн байна.

Б.Мишээл

 

Related news