37 жилийн өмнө хүүхдийн амийг бүрэлгэсэн этгээдийг яллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-02-15 11:54:49

ЛОНДОН. /BBC/. Нью-Йоркийн шүүх 1979 онд Итан Патц гэдэг хүү ор сураггүй алга болсон хэргийг шийдвэрлэлээ. Дэлгүүрт ажилладаг байсан өдгөө 56 настай Педро Эрнандес гэгч этгээд хүүг хөнөөсөн болохыг шүүх тогтоожээ.  

1979 оны 5 дугаар сарын 25-нд зургаан настай Итан Патц хүү Манхэттены Сохо дүүрэгт байдаг гэрийнхээ ойролцоо байж байгаад ор сураггүй алга болжээ. Тэр өдөр хүүг анх удаагаа ганцааранг нь сургуулийн автобусанд суулгахаар явуулсан байна. Үүнээс хойш 4 жилийн дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган 5 дугаар сарын 25-ны өдрийг ор сураггүй алга болсон хүүхдүүдийн үндэсний өдөр болгон зарлаж байжээ.

Шүүх ажиллагааны явцад Эрнандес хийтэй ундаа өгье гэж хүүг хууран хонгилд оруулаад, боож алсан гэдгээ хүлээжээ. Харин хүүгийн цогцос өдийг хүртэл олдоогүй байна.

Шүүгчид ялын тогтоолыг 9 өдрийн турш хэлэлцсэн ба энэ нь ахин явагдсан шүүхийн ажиллагаа байсан юм. 2015 онд хэргийг шүүх ажиллагаа үр дүнгүй болжээ.

Өмгөөлөгчид хэлэхдээ, Эрнандес бол сэтгэл зүйн онцлогтой, IQ тун багатай, дүгнэн цэгнэх чадвар муутай хүн тул түүнд итгэж болохгүй гэж байжээ. Тэдний хэлснээр, Эрнандес бодол санаандаа буусан зүйлийг бодит байдалтай хольж эндүүрэх нь олонтаа байдаг аж.

Олон цагаар байцаагдсаныхаа дараа Эрнандес газар  эвхрэн унаад “Би харимаар байна” хэмээн ёолон гиншдэг байсан гэж өмгөөлөгчид ярьж байжээ.

“Итан Патц алга болсон явдал нь Нью-Йоркийн айл өрхүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан төдийгүй улс даяар бараг 40 жилийн туршид айдас төрүүлж байсан юм” гэж Манхэттены прокурор Сайрус Вэнс ялын тогтоол гарсны дараа хэллээ.

Итан ор сураггүй алга болсны дараагаар түүний зургийг сүүний саван дээр хүртэл тавьж байсан байна.

Итаны эцэг эх болох Жули, Стэн Патц нар хүүхдийн хурууны хээний үндэсний өгөгдлийн сан байгуулах кампанит ажлыг явуулж эхэлжээ.

Үүнээс гадна, хүүхдүүд хичээлээ тасалсан шалтгааны талаарх мэдээллийг сургуулийн захиргаанд гаргаж өгч байхыг эцэг эхчүүдэд үүрэг болгосон хууль батлуулахын төлөө тэмцэж байв.

2012 оныг хүртэл Педро Эрнандес сэжигтний тоонд огт ороогүй байжээ. Харин түүний нэгэн хамаатан цагдаад хандан "Эрнандес хүүхдийг би алсан гэж хэд хэдэн хүнд ярьж байсан" гэж мэдээлжээ.

Эрнандесийн мэдүүлэг өгч, хэргээ хүлээж буйг харуулсан хэд хэдэн бичлэг прокуроруудад байгаа аж. “Яасныг бүү мэд, гэнэт л надад зүгээр  л түүнийг алчихмаар санагдсан” гэж Эрнандес ярьсан нь уг бичлэгт бий.

О.Барс

 

Related news